Говьсүмбэр аймагт Хууль тогтоомж сурталчлах дөрөв дэх төвийг байгууллаа

Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбон, албан бус боловсролын болон зайны сургалтын арга, хэлбэрээр иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг үр нөлөөтэй зохион байгуулах, ЕБС-ийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан залууст зориулсан Парламентын боловсролын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх” зэрэг бодлогын зорилтуудыг дэвшүүлсэн байдаг.

Үүний дагуу Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, нутгийн удирдлагын байгууллагуудтай хамтран Хууль тогтоомж сурталчлах төвийг орон нутагт үе шаттайгаар байгуулж байна. Тодруулбал, өнгөрөгч онд Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төвүүдийг байгуулсан билээ.

Улсын Их Хурлын Тамгын газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран дөрөв дэх Хууль тогтоомж сурталчлах төвийг Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байгуулж, өнөөдөр (2024.01.10) нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаа Улсын Их Хурлын Тамгын газар болон Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хоорондын Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаагаар эхлэв. Тус төвийн үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангахад талуудын хүлээх эрх, үүргийг тодорхойлж, хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллахаар Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл нар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хууль тогтоомж сурталчлах төв нь Улсын Их Хурал, Засгийн газар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийг иргэдэд танилцуулах, эрх зүйн мэдлэг олгох, хэлэлцэн баталж буй хуулийн төсөлд иргэдийн саналыг авч тусгах, хууль тогтоох үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр хүргэхэд чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулна. Үүний зэрэгцээ ЕБС-ийн сурагч, их, дээд сургуулийн оюутнууд, өсвөр үеийнхэнд ардчиллын суурь мэдлэг олгох, хууль тогтоох үйл ажиллагааны мөн чанарыг ойлгуулах, нийгмийн хариуцлагатай, оролцоотой иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч, Парламентын боловсрол хөтөлбөрийг танилцуулах, оролцоог хангахад чиглэж ажиллах юм.


Төвийн нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ахлах зөвлөх Х.Энэбиш, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч С.Алтанхуяг, "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслийн зохицуулагч Л.Мэнд-Амар, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь болон Сүмбэр сумын ИТХ, Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн сурагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар хэлсэн үгэндээ, “Парламентын үйл ажиллагааг нээлттэй, ил тод явуулна гэхээр зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдээр дамжуулан үйл ажиллагаагаа сурталчлан таниулах зүйл огт биш юм, илүү олон сувгаар дамжуулан иргэдэд хүрч, хүргэж, хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь хамгийн чухал зүйл юм. Тиймээс Улсын Их Хурал, түүний Тамгын газар анх 2002 онд баталж байсан Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөгөө 17 жилийн дараа үнэлж, дүгнэж, “Парламентын нээлттэй, ил тод байдлыг хангах, парламентын хүртээмжтэй байдлыг хангахад илүү чиглүүлж, 2019 онд парламентын шинэ стратеги төлөвлөгөөгөө шинэчлэн баталсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаагаа зөвхөн Нийслэл Улаанбаатар хотоор хязгаарлахгүйгээр орон нутагт хүргэх, танилцуулах, сурталчлах, хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад илүү чиглүүлнэ гэсэн үг юм. “Хууль тогтоомж сурталчлах төв”-өөр дамжуулан иргэд, олон нийтийг Улсын Их Хурлын шийдвэр, үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллээр тогтмол хангахаас гадна парламентын боловсролын мэдлэгийг олгох, D-Parliament, D-Өргөдөл цахим системүүдээр дамжуулан хууль тогтоомжийн төсөлд шууд саналаа өгөх, олон нийтийн эрх ашгийг хөндсөн, нийгэмд тулгамдаж байгаа асуудлаар нийтийн цахим өргөдөл гаргахад мэргэжил арга зүйн туслалцааг үзүүлнэ. Ингэснээр хууль тогтоох үйл ажиллагаанд мэдээлэлтэйгээр идэвхтэй оролцдог, хариуцлагатай иргэдийг бэлтгэн төлөвшүүлэхэд энэхүү төв мань бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.” хэмээн онцлов.


Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, Засаг дарга Г.Батсуурь нар орон нутгийн иргэдийн хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох оролцоог хангаж, шийдвэр гаргагчдад санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлсэн Хууль тогтоомж сурталчлах төвийг байгуулж буйд илэрхийлээд цаг үеэ олсон чухал ажил болсныг тэмдэглэв.


Говьсүмбэр аймаг нь Монгол Улсын төвийн бүсийн Зүүн өмнөд хэсэгт оршдог. Хойд талаараа Төв аймгийн Баянцагаан, Баян, Баянжаргалан сумтай, зүүн ба зүүн хойд хэсгээрээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Дархан сумтай, баруун болон баруун өмнөд хэсгээрээ Дорноговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр, Говь-Угтаал сумтай тус тус хиллэдэг. Говьсүмбэр аймаг нь 18 орчим мянган хүн амтай ч хил залгадаг сумдын иргэд төрийн үйлчилгээг тус аймгаас авдаг онцлогтой. Иймд Хууль тогтоомж сурталчлах төвийг тус аймагт байгуулсан нь чухал ач холбогдолтой болохыг орон нутгийн удирдлагууд хэлж байлаа.


Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хууль тогтоомж сурталчлах төвд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг гардуулан өгч, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов.


Ташрамд тэмдэглэхэд, Улсын Их Хурал стратеги төлөвлөгөөндөө тусгасны дагуу дараагийн Хууль тогтоомж сурталчлах төвийг ирэх сард Орхон аймагт байгуулахаар ажиллаж байна  хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах газраас мэдээлэв.