Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа.
Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 39 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 80.1 хувьтай байв. Тухайлбал, дүүргүүдэд үүссэн хур, үүсмэл хогийн цэгүүдийг шалгах үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд есөн дүүрэгт үзлэг шалгалт хийхэд нийт есөн байршилд хур хогийн цэг үүсжээ. Нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэх үүрэг бүхий 12 ОНӨААТҮГ, 13 хувийн аж ахуйн нэгж 393 техник хэрэгсэл, 913 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023-2024 онд нийт 600 автобус хүлээн авч, нийслэлийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 10 байгууллагад хүлээлгэн өгч, 457 автобусанд төхөөрөмж суурилуулан үйлчилгээнд гаргасан бол 143 автобус төхөөрөмжгүй байна. Парк шинэчлэл хийсэнтэй холбоотойгоор Морингийн даваа болон Тахилтад шинээр автобус бааз байгуулж буй. Морингийн даваа дахь баазад 54 автобус байршуулж байгаа бөгөөд нийт барилгын ажил 80 хувьтай, энэ оны долоодугаар сарын 1 гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Харин Тахилт дахь бааз 110 автобусны багтаамжтай бөгөөд нийт ажлын явц 78.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.