Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэв.
Мөн банкуудын гадаад валютын заавал байлгах нөөц (ЗБН)-ийн хувь хэмжээг 3 нэгж хувиар багасгаж, 15 хувьд хүргэх, хэрэглээний зээлийн мөрдөж буй макро зохистой бодлогын зохицуулалтад дараах өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэжээ. Үүнд:
-Банкнаас иргэдэд шинээр олгох, нөхцөл өөрчилсөн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа (ӨОХ)-ны дээд хязгаарыг 55 хувь болгож бууруулах,
-Банкнаас шинээр олгох амьжиргааны баталгаажих доод түвшнээс бага дүнтэй кредит картын зээлд ӨОХ-ны хязгаарлалт мөрдүүлэхгүй байх,
-Тодорхой нөхцөлүүдийг хангасан дээд боловсролын сургалтын төлбөрийн зээлд ӨОХ-ны, хугацааны хязгаарлалтыг мөрдүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна.
Улсын хэмжээнд жилийн инфляц өнгөрсөн тавдугаар сард 5.7, Улаанбаатар хотод 5.6 хувьд хүрч буурлаа. Мөнгөний бодлогын хатуу төлөв инфляцыг бууруулах нөлөө үзүүлж байна. Түүнчлэн, худалдааны түнш орнуудын инфляц буурч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байснаар импортын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт саарах хандлага үргэлжилж, дотоодын хүнсний үнийн өсөлт саарч байгаа нь инфляц буурахад голлон нөлөөлөв. Цаашид инфляц зорилтот интервалд байх хүлээлт хэвээр байна.
Эдийн засгийн өсөлт энэ оны эхний дүгээр улиралд 7.8 хувьд хүрч хүлээлтээс өндөр гарлаа. Нүүрсний экспортыг дагаад уул уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, өрхийн болон төрийн байгууллагын хэрэглээ нэмэгдэн дотоод эрэлт тэлснээр уул уурхайн бус салбарын идэвхжил нэмэгдэв. Харин зудын нөхцөл байдал хүндэрч, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл агшихаар байгаа нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөр байгааг Монголбанк мэдээллээ.
Нэрлэсэн цалин, орлогын өсөлтийг дагаад хэрэглээний зээл эрчимжиж байгаа нь санхүүгийн салбарын эрсдэлийг нэмж байна. Үүнээс сэргийлэх зорилгоор шинээр олгох, нөхцөл өөрчлөх хэрэглээний зээлийн ӨОХ-ны хязгаарлалтыг чангаруулахаар шийджээ. Гэхдээ нөөцийн үр дүнтэй хуваарилалт, санхүүгийн зах зээлийн хүртээмж, санхүүгийн бүтээгдэхүүний хөгжлийг дэмжихээр бага дүнтэй банкны кредит картын зээл, тодорхой нөхцөл шаардлага хангаж шинээр нэвтрүүлэх боловсролын зээл зэрэг бүтээгдэхүүнд ӨОХ-ны хязгаарлалт мөрдүүлэхгүй байхаар болжээ. Энэ шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцэх аж.