Улаанбаатар хотод яаралтай дулаалах шаардлагатай 1077 орон сууц байдаг гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт бий. Гэвч эдгээр барилгын дулаан алдагдлыг нарийвчлан тогтоосон судалгаа байдаггүй.
Тэгвэл өнөө жилээс угсармал орон сууцны дулаан алдагдлыг хэмждэг болох нь. БОАЖЯ, нийслэлийн Байгаль орчны газар болон “GGGI” байгууллага хамтран иргэдийн зохистой хэрэглээг дэмжих зорилгоор дулаан алдагдлыг хэмжих төсөл хэрэгжүүлж, энэ онд Баянгол дүүрэг дэх орон сууцны гурван барилгад тоолуур суурилуулахаар болжээ.
Тоолуур хүчин чадлаасаа хамаараад 2.5-15 сая төгрөгийн үнэтэй бөгөөд нэг барилгад нэгийг л суурилуулах юм. Ингэснээр орон сууцанд ирж буй дулааныг хэмжиж, иргэд хэрэглээндээ тохирсон төлбөр төлдөг болох ач холбогдолтой гэнэ. Энэ талаар “GGGI” байгууллагынхнаас тодруулахад “Бид угсармал орон сууцнуудад эрчим хүчний аудит хийж байна. Дүгнэлт гарсны дараа тоолуураа суурилуулна. Айл, өрхүүд өдгөө талбайн хэмжээнээс хамаарч дулааны төлбөр төлдөг. Ийм тоолуур суурилуулбал хэрэглэсэн дулааныхаа мөнгийг төлдөг болох юм” гэв.
Дашрамд дурдахад, барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх олон улсын хөтөлбөрт Улаанбаатар хот нэгдэн оржээ. Энэ хүрээнд гадаадын улсуудтай туршлага солилцож, 2018 онд дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр хэд хэдэн ажил хийх гэнэ.