Ж.Сандагсүрэн: Улсын төсвийг баталсны дараа шаардлагатай гэж үзвэл нийслэлийн төсөвт тодотгол хийж болно

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус II хуралдаан өчигдөр болж, Нийслэлийн 2025 оны төсөв, Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг дарж булшлах үнийг шинэчлэх, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэх, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх зэрэг асуудлыг нээлттэй хэлэлцэж, батлав.

Энэ үеэр төсвийн болон татвар нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, Ж.Сандагсүрэн нар дараах байр суурийг илэрхийлэв. Т.Батцогт ярихдаа “2025 оны Улсын төсөвт Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Энэ бол парламентын түүхэнд анхны удаа гэж хэлж болохоор үзэгдэл. Үүнээс болоод аймаг, нийслэл, сум, дүүргүүд хурлаа хийж чадахгүй нөхцөл байдалтай байна. Бид хуулийн цагалбарынхаа дагуу л хуралдаж, олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ. УИХ төсвөө батлаагүй байхад нийслэл төсвөө түрүүлээд батлах нь зөв үү, буруу юу гэдгийг эрх баригчид өөрсдийн түвшиндээ шийднэ биз. Улсын төсвийн дараа баталдаг гэх уламжлалт ойлголтоороо асуудалд хандсан өнгө аяс их байна.  Ямар ч байсан Монгол Улсад мөрдөгдөж байгаа Төсвийн тухай хуулиараа, тусгагдсан цаг хугацаандаа багтаж хуралдаануудаа хийлээ гэж харж байна. Иргэд татвартай холбоотой асуудал дээр шүүмжлэлтэй хандаж байх шиг. Утаа, түгжрэл, хотын нөхцөл байдлаа харсан ч энэ төрлийн татварыг нэмлээ гэхэд зөрүүлээд цалин, урамшуулал, ажлын байрыг нэмэгдүүлж байгаа юу гэдгээ эргэж харахыг төлөөлөгчид саналдаа тусгасан. Нөгөө талдаа 7.5 хувиар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний эрчим сайжирна гэдгийг Авто замын газрынхан хэлж байна билээ. Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх энэ журмын дагуу түгжрэл хэдэн хувь буурах вэ, авто замын ачаалал ямар хэмжээнд багасах вэ гэдгээ олон нийтэд Түгжрэлийг бууруулах чиглэлд ажллаж байгаа эрх бүхий албаныхан нь тодорхой тайлбарлах байх. АН-ын зүгээс цаашлаад төсвийн зарцуулалтад хяналтаа бүрэн тавина” гэв.

Харин Ж.Сандагсүрэн “Төсвийн тухай хуулийн дагуу арванхоёрдугаар сарын 5-ны дотроо багтааж төсвөө батлах ёстой. Хуулийнхаа хүрээнд НИТХ хуралдаж, төсвөө нээлттэй баталлаа. Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай 17 төсөл, арга хэмжээ, метро, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахтай холбоотой төсөл, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төслүүд бий. Ирэх онд ажил хэрэг болох боломжтой боллоо. Нийслэлийн тухайд Төсвийн хуулийн хэм хэмжээ, цагалбарынхаа хүрээнд хуралдаанаа товлоод, хийгээд, мэдээллээ олон нийтэд нээлттэй өгч байна. Мэдээж Улсын төсөв батлагдаад, нийслэлийн төсөвт тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийж болно. Жил бүр Төрийн аудитын газраас төсөвт хяналт тавьдаг. Зөвлөмж, шаардлагаа танилцуулдаг. Төсвийн жилийн явцад Аудитын газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу төсөв захиран зарцуулагчид зөвлөмжийг хэрхэн мөрдсөн тухайгаа эргээд тайлагнадаг. Аудитын байгууллага ч төсвийн зарцуулалтыг хянадаг” хэмээн ярилаа.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here