УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.
Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа дээрх хуульд тусгасан “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;” гэснийг тус тус зөрчсөн байна хэмээн дүгнэлт гаргасан юм. Иймд дээрх заалтыг 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.
Уг дүгнэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороод хуралдаж, хүлээж авах эсэхийг хэлэлцсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр зарим гишүүд дүгнэлттэй холбогдуулж санал хэлсэн.
Тухайлбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү цэцийн дүгнэлтийг хүлээж аваад холбогдох хуульдаа өөрчлөлт оруулах нь зүйтэй, түүнчлэн одоо яригдаж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаа нэг мөр болгож сонгуулийн тогтолцоо, хот, тосгоны эрх зүйн байдал, төрийн албаны баталгаатай холбоотой цөөн хэдэн заалтыг оруулах нь зүйтэй юм гэсэн байр сууриа хэлсэн бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цэцийн дүгнэлт гэсэн тохиолдлын байдлаар төрийн байгууллын эрх зүйн зохицуулалтыг өөрчлөөд байх биш засаглалын институци хоорондын харилцааны асуудлыг цогцоор нь эргэн харж авч үзэх цаг болсон, УИХ-ын гишүүн Ж.Батзандан дэгийн хуулийн энэ заалт нь төрийн ажил гацахад хүргэж байгаа бол дүгнэлтийг хүлээж аваад хуульд тодорхой өөрчлөлт оруулах нь зөв гэж үзэж буйгаа хэлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад тус байнгын хорооны гишүүдийн 90.9 хувь нь хүлээж авах нь зүйтэй гэж үзэв.
Мөн Хууль зүйн байнгын хорооны гишүүд дүгнэлтийг хүлээж авахыг санал нэгтэйгээр дэмжлээ.
Уг асуудлыг улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх болов.