ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле зүүн аймгуудад ажиллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2017 оны А-140 дугаар тушаалаар зүүн аймгуудад гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, вакцинжуулалтад хяналт тавих, орон нутгийн гамшгаас хамгаалах албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангахаар дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг 10 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд ажиллаа.

Шуурхай бүлгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле ахлан, бүрэлдэхүүнд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, дэслэгч М.Мөнгөнбаръяа, Мал эмнэлэг, үржлийн газрын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Б.Цолмон нар ажилласан байна.

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн 13 суманд гарсан. Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул, Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрт нийт 4 голомтод 17 малчин өрхийн 129 толгой мал өвчилж, 129 толгой малыг зориудаар устгаж, ариутгал халдваргүйтгэл хийжээ.

Тус аймгийн 14 сумын хэмжээнд 47 ажлын хэсэгт 63 малын их бага эмч, 48 техник хэрэгсэл, 98 туслах ажилтан нийт 292 хүн хүч, техник хэрэгсэл ажиллаж байна. Вакцинжуулалтанд 732,6 мянган толгой бод бог мал хамрагдахаас 191,1 мянган толгой мал хамрагдаж 26,1 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин Сүхбаатар аймгийн Уулбаян, Түвшинширээ сумын нутаг дэвсгэрт нийт 3 голомтод 37 малчин өрхийн 447 толгой мал өвчилж, 447 толгой малыг зориудаар устгаж, ариутгал халдваргүйтгэл хийжээ. Тус аймгийн 13 сумын хэмжээнд 63 ажлын хэсэгт 64 малын их бага эмч, 58 техник хэрэгсэл, 120 туслах ажилтан, удирдах ажилтан 42 нийт 302 хүн хүч, техник хэрэгсэл ажиллаж байна. Вакцинжуулалтанд 790,8 мянган толгой бод бог мал хамрагдахаас 395,8 мянган толгой мал хамрагдаж 50 хувийн гүйцэтгэлтэй байна.

Хэнтий аймгийн хувьд Баян-Адарга, Баян-Овоо, Дэлгэрхаан, Норовлин, Хэрлэн сумын нутаг дэвсгэрт нийт 6 голомтод 7 малчин өрхийн 42 толгой мал өвчилж, 42 толгой малыг зориудаар устгаж, ариутгал халдваргүйтгэл хийжээ. Тус аймгийн 18 сумын хэмжээнд 76 ажлын хэсэгт 90 малын их бага эмч, 26 техник хэрэгсэл, 179 туслах ажилтан, удирдах ажилтан 54 нийт 347 хүн хүч, техник хэрэгсэл ажиллаж байна. Вакцинжуулалтанд 2,1 сая толгой бод бог мал хамрагдахаас 1032,0 мянган толгой мал хамрагдаж 47,9 хувийн гүйцэтгэлтэй байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан шуурхай бүлэг цаашид 3 аймгийн хэмжээнд вакцинжуулалтыг эрчимжүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг чанартай хийх, хүн малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгах талаар сумдын засаг дарга нар болон онцгой комисст үүрэг чиглэл, зөвлөмж хүргүүлэн ажилжээ.