УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат манай улсад айлчилж буй Британийн парламент дахь Олон улсын парламентын бүлгэмийн гишүүн, Британийн парламент дахь Британи-Монголын бүлгийн дарга, Британийн Хөдөлмөрийн намын гишүүн Жон Гроган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Мурат, Британийн парламент дахь Олон улсын парламентын бүлгэмийн гишүүн, Хөдөлмөрийн намын гишүүн Уэйн Дэвид нар байлцлаа.
Талууд хоёр орны улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, спортын салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл, санал солилцов.
Түүнчлэн хоёр орны парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа Ардчилсан нам, Хөдөлмөрийн намын хамтын ажиллагааны талаар ярилцсан.
Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Олон талын хамтын ажиллагааны ирээдүйн төлөвийн талаар ярилцаж байгаа нь бидний хувьд тун чухал юм” хэмээн тэмдэглэв.
Мөн “Бидэнд танай улсаас нийгэм, эдийн засгийн чиглэлээр суралцах маш олон үнэ цэнэтэй зүйл бий. Ялангуяа агаарын бохирдолттой тэмцэхэд ямар менежмент хэрэглэж үр дүнд хүрсэн талаар та бүхнээс суралцах шаардлагатай байна” гээд улс төрийн намуудын хамтын ажиллагаа олон чиглэлээр хөгжиж, ирээдүйд үр дүнгээ өгнө гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монголын улс төрийн намууд болон сонгуулийн тогтолцооны талаар товч мэдээлэл өгөв.