УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан 51.3 ирцтэйгээр эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Тус хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай гэсэн асуудлыг хэлэлцэхээр товлосон болохыг хэллээ.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ц.Нямдорж, Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нарын гишүүдийн горимын саналыг УИХ 63.3 хувийн саналаар дэмжиж Элчин сайдыг томилох, эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа.
Тиймээс Б.Хурцыг томилохоос өмнө УИХ-аар Нийтийн сонсгол явуулахаар болж байна.
Харин Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Үүгээр чуулганы өнөөдрийн хуралдаан товт асуудлаа хэлэлцэж эхлэв.