Ц.Нямдорж: Л.Болдын асуудал нэг хүний асуудал биш улсын нэр хүндийн асуудал боллоо

УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлаар тайлбар авахад гишүүд нэлээд маргалдав. Тагнуулын ерөнхий газрын дарга байсан хүн нь Монгол Улс зэвсгийн наймаа хийх гэж байсан гээд мэдэгдчихлээ. Тиймээс энэ асуудлын учрыг олохгүйгээр Элчин сайдын томилгоог явуулж болохгүй гэж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ц.Нямдорж нар үзэв. Мөн гишүүдийн нэр хүндэд халдсан мэдэгдэл хийсэн тул гишүүдийнхээ эрхийг хамгаалах ёстой хэмээн УИХ-ын даргаас хүсэв. Гэвч УИХ-ын Тамгын газраас Нийтийн сонсгол явуулах хуулийн заалтад тайлбар өгөв. Хуульд зааснаар Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхэд нээлттэй сонсгол явуулах тухай гишүүдийн хүсэлт хамааралгүй гэсэн юм.

Ингээд нийтийн сонсгол явуулах тухай горимын саналаар биш гишүүний нэр хүндтэй холбоотой асуудлаар тодруулах шаардлагатай байгаа тул Элчин сайдын томилгоог хойшлуулах санал гаргав. Үүнийг гишүүдийн 60 гаруй хувь нь дэмжиж,  Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хойшлуулав.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүд санал хэлсэн.

 

УИХ-ын гишүүн Л.Болд "Байнгын хорооны хэлэлцүүлэг халуухан болсон. Чуулган дээр байнгын хорооны уур амьсгалыг оруулж ирэх шаардлагагүй. Энд Монгол төрийн онцгой анхаарах ёстой асуудал хөндөгдөж байна. БНСУ-д суух Элчин сайдыг томилох гэж байхад Хойд Солонгостой холбоотой асуудал ярьсан. Үүний хариултыг Монголд төдийгүй, олон улсад өгөх ёстой боллоо. Энэ асуудлаа шийдэж байж томилгоог явуулахгүй бол хөнгөн хандах бололцоогүй болсон.

Дээр нь УИХ-ын нэр хүнд, улсын нууц, төрийн нууцтай холбоотой асуудал байгаа. Энэ бүхэнд Ц.Нямдорж даргын нэрийг дурдаж байсан. Ц.Нямдорж өөрөө тайлбар хэлэх байх. Би хүний эрхийн тухай ярьж байхад огт хамаагүй хариулт өгсөн. Тэгэхээр хэлэлцэх асуудлыг хойшлуулж өгнө үү. УИХ-ын дарга та гишүүдийн нэр төр эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн байдаг. Тэгэхээр үүргээ биелүүлнэ гэж найдаж байна" гэв.

УИХ-ын гишүүн, Хуул зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Би өчигдөр Засгийн газрын хуралтай байсан тул байнгын хороонд сууж чадаагүй. Гэртээ хариад телевиз үзлээ.  Томилгоо авах гэж байсан хүн ноцтой асуудал ярьсан. Тэр дотор миний нэрийг оруулсан байна. Л.Болдод хандаж зэвсгийн наймаа хийсэн, таниас 300 мянган ам.доллар нэхэмжилсэн, таниас болж хоёр хүн цаазлуулсан гэсэн. Ингээд төгсгөлд нь Ц.Нямдорж сайд үүнийг мэдэж байгаа гэсэн.

Би гайхаад, тийм бичиг ирсэн эсэхийг яамны ажилтнуудаар хайлгалаа. ТЕГ-тай ярилаа, цагдаатай ярилаа. Тэдэнд тийм бичиг байхгүй гэж мэдэгдэж байна. Гадаад харилцааны яаманд ирсэн эсэхийг шалгах хэрэгтэй. Энэ бол нэг хүний асуудал биш улсын нэр хүндийн асуудал боллоо.

Би бол Хойд Солонгосын асуудал сонсоогүй одоо сонсож байна. Тэгэхээр энэ томилгоог хойшлуулаад, яриад байгаа зүйлийг нь тодруулах хэрэгтэй. Болдоос болоод ямар хоёр хүн цаазлуулж, Болдод ямар бичиг ирсэн юм бэ. Түүнийг тодруулах хэрэгтэй. УИХ-ын дарга та гишүүдийн эрхийг хангах үүрэгтэй. Намайг 42 сая ам.долларын шахааны бизнес “Эрдэнэт”-д хийсэн гэж гүтгэсэн. Би хуулийн байгууллагад хандсан байгаа. Ингэж тусгай албаны дарга гишүүдийн нэр хүндэд халдаж болохгүй.  УИХ-ын дарга та гишүүдийн эрхийг хангах ёстой шүү.

Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутай гэж үзэж тухай Үндсэн хуулиар заасан байдаг. Тусгай хяналтын дэд хорооныхоо бүрэлдэхүүнийг өөрчилж, ажиллуул. Хуулийн байгууллагад хандсан бичиг байхгүй шүү" гэлээ.