УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дарга М.Энхболдоос Төрийн хамгаалалт хүссэн. Учир нь Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ална гэж сүрдүүлсэн хэмээсэн. Тодруулбал АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд ТЕГ-ын дарга асан Б.Хурц “Ж.Батзандан аятайхан байгаарай.
Үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж алж чадна шүү” хэмээсэн. Тэгвэл ТЕГ-ын дарга асан Б.Хурц өчигдөр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцож нэлээд олон баримт дэлгэв. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд яах гэж орсон тэнд ямар үйл явдал болсон талаар ярив.
Тэрбээр "Д.Эрдэнэбат бид хоёрын дундын нэг найзын бие маш тааруу байгаа тэр талаар л ярих гэж өрөөнд нь орсон. Тэр үеэр Ж.Батзандан орж ирсэн. Би Ж.Батзанданг "Дарваганаад байгаарай, ална шүү" гэж хэлсэн, энэ бол үнэн. Харин Ж.Батзандан өөрөө намайг эхлээд ална гэснээ яагаад хэлэхгүй байгаа юм бэ" хэмээлээ. Үүнээс үзэхэд Ж.Батзандан гишүүн өөрөө асуудлыг эхлүүлсэн бололтой юм.
Тиймээс ч эрчүүд ийнхүү харилцан муудалцсан учир УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Ер нь эр хүн бол эр хүн шиг л байх хэрэгтэй. Эр хүн гурван хатуу үг, гурван хатуу цохилтыг даадаг байх л хэрэгтэй" хэмээсэн нь бололтой.