АН-ын шинэчлэлийн хүрээнд Ардчилсан Залуучуудын холбоо/АЗХ/-ны Ерөнхийлөгчийн болон тэргүүн, тэргүүлэгчдийн сонгуулийг өнгөрсөн сарын 30-нд эхлүүлсэн. Улс орон даяар явуулж буй энэхүү сунгааны сурталчилгааны ажил өчигдрөөр дуусгавар боллоо.
Ингэснээр АЗХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар өнөөдөр Увс аймгаас нийслэл рүү хөдөлсөн байна. Тус холбооны Ерөнхийлөгчийг сонгох сунгаа Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Чингис хотоос эхэлж, нэр дэвшигчид 21 аймаг, есөн дүүргийн гишүүдтэйгээ уулзсан нь энэ юм. Нэр дэвшигчид 14:00 цагт Буянт-Ухаад газардах бөгөөд 16:00 цагаас Сөүл ресторанд санал тоолох үйл явц эхлэх юм. Нийт аймаг, есөн дүүргийн АЗХ-ны гишүүдийн өгсөн саналын хайрцгийг нээх, тоолох үйл явц хэвлэл мэдээлэл болон олон нийтэд нээлттэй болно. Өөрөөр хэлбэл, нууц санал хураалтаар ялагчийг тодруулах юм.
Ирэх сарын 6-нд АЗХ-ны Үндэсний чуулганыг болж, тус үеэр сонгогдсон нэр дэвшигчийг өргөн барьж, батламжлах юм. Ингэснээр АЗХ-ны Ерөнхийлөгч албан ёсоор тодорно.