Чингэлтэй хайрханы явган аяллын замыг тохижууллаа

Нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох, байгалийн сайханд, эрүүл орчинд амрах зугаалах нөхцөлийг бүрдүүлэх, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор Чингэлтэй хайрханы нэгдүгээр явган аяллын замыг тэмдэгжүүлэх, амрах цэгүүдийг тохижуулах ажлыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас хийж гүйцэтгэлээ.

Тус явган аяллын замын дагуу ширээ сандалтай сүүдрэвчүүд, мэдээллийн самбаруудыг байршуулж, зүг заасан, анхааруулах тэмдгүүдийг суурилуулан тохижуулснаар иргэд тохилог аяллын замаар алхан амралтын өдрөө цэвэр агаарт өнгөрөөх боломжтой боллоо. Мөн явган аялагчид ууланд гарахаас өмнө ойр орчим байрлах дэлгүүрүүдээс тодорхой хэмжээний худалдан авалт хийдэг учир Чингэлтэй дүүргийн иргэдийн орлогод тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Тохижилтын нээлт арванхоёрдугаар сарын 1-ний 10:00 цагт болох тул та бүхнийг хүрэлцэн ирж тохижилтын ажилтай танилцан хамт цэвэр агаарт алхахыг урьж байна.

Алхалт Чингэлтэйн автобусны эцсийн буудлаас 1,5 км зайтай Чингэлтэй Зүрх уулын амнаас эхэлнэ.