Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын гадаад бодлого, түүний хэрэгжилтийн талаар хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан намаас гаргасан санал дүнэлт гаргаж УИХ-ын гишүүн Л.Болд чуулганы хуралдаанд уншиж танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын Монгол Улсын гадаад бодлого, түүний хэрэгжилтийн талаар хийсэн мэдээллийг сонслоо. Энэхүү мэдээллээс Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар сонсоно гэж хүлээж байлаа.
Харамсалтай нь У.Хүрэлсүхийн Засгийн газар юу хийх, ямар үр дүнд хүрэх талаар шаардлага хангахуйц, эмх цэгцтэй, тоймтой ойлголтыг өгч чадсангүй гэж үзэж байна. Монгол Улсын гадаад харилцаа бол манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, нэр хүндийг баталгаажуулан бэхжүүлж байдаг юугаар ч орлуулшгүй чухал салбар.
Үе үеийн засгийн газрууд гадаад бодлогын өмнөх ололт амжилт дээрээ тулгуурлан, гадаад харилцаагаа улам өргөжүүлэн тэлж байх ёстой. Гэтэл энэ цаг үед Монгол Улсын гадаад бодлогын орон зай мэдэгдэхүйц хумигдах боллоо гэж гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид дүгнэх боллоо.Ерөнхий сайдын танилцуулсан дарааллаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дараах дүгнэлтийг гаргаж байна. Үүнд:
Нэг. Хоёр хөрш, гуравдагч хөршийн бодлогын тэнцвэртэй байдал алдагдлаа.
Монгол Улс хоёр хөрштэйгээ харилцан итгэлцлийг улам өндөр түвшинд аваачих талаар багагүй амжилттай ажиллаж ирсэн. Өмнөх УИХ-ын үед хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийг айлчлалыг уялдуулан хэрэгжүүлж ОХУ, БНХАУ-тай гурван талт хамтын ажиллагааны механизмыг санаачлан бий болгож, эхний бодитой үр дүнд хүрээд байлаа. Транзит тээврийн асуудлаар тодорхой гэрээ хэлцэл байгуулж, “Эдийн засгийн коридор” байгуулах ажлын эхлэл тавигдаад байна. Гэвч хоёр хөрштэйгээ тохиролцсон гэрээ хэлэлцээрүүдийг ажил хэрэг болгох, эдийн засгийн үр өгөөжийг нь бодитой болгох тал дээр МАН-ын засгийн газрууд хангалтгүй ажиллаж ирлээ. Жишээлбэл Хятадын “Бүс ба Зам” санаачилгад хэрхэн оролцох талаар төрийн бодлого байхгүй байна. Нөгөө талаар манай гуравдагч хөршийн бодлого өмнөх инерцээрээ л явж, үндсэндээ зөнд нь орхигдчихоод байна.
Хоёр. Монгол Улсын олон талт хамтын ажиллагааны эрч саарч байна. Монгол Улсын гадаад бодлогын идэвхтэй санал, санаачилгаар өргөжин тэлж байсан гадаад харилцааны орон зай, зорилт хумигдаж, олон талт хэд хэдэн механизмын үйл ажиллагаанд оролцох явдал үндсэндээ зогсчихоод байна.
- НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр 2022 онд анх удаа сонгогдох зорилт тавиад багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч дорвитой хийсэн ажилгүй, тууштай бодлогогүй, боловсон хүчингүй суусан хэвээр байна. Өмнөх жилүүдэд бид НҮБ-ын системд барьцаа ахиулж Байгаль орчны дэлхийн ассамблейг даргалах, Хүний эрхийн зөвлөлд жинхэнэ гишүүнээр сонгогдох зэргээр олон бодитой алхамууд хэрэгжүүлж ирсэн ололтууд замхарлаа.
- Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-т чухал ач холбогдол өгч элсээд удаагүй байна. Гэтэл бид бүс нутагтаа хамгийн нөлөө бүхий тус байгууллагын потенциалыг бүрэн ашиглаж чадахгүй, харин ч бүр тээршаах байдал ажиглагдах боллоо.
Гурав. Гадаад бодлогын чухал гүүрүүдээ нурааж байна.Алсын хараатай, холын бодолтой нээсэн зарим ДТГ-уудыг татан буулгасан явдал Монгол Улсын гадаад харилцааны орон зайг зориудаар хумьсан хэрэг боллоо. Дээр дурьдагдсан асуудлаар Ерөнхий сайд, Засгийн газарт цаашид анхаарал хандуулж ажиллах чиглэлээр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дараах санал өгч байна. Үүнд:
- Шанхайн хамтын ажиллагааны байгууллага(ШХАБ)-д саяхан Энэтхэг улс элсэн орсон. Манайх улсыг ШХАБ-д элсэхийг хоёр хөрш тогтмол уриалдаг. Энэ талаар хэрхэх тухай сайн нягталж, судалгааны ажлыг эрчимжүүлэх замаар тодорхой санал дүгнэлтээ боловсруулж ҮАБЗ-өөр хэлэлцүүлэн УИХ-д танилуулах,
- Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яамны хамтарсан үйл ажиллагаа уялдаа холбоо шинэ шатанд гарах ёстой. Өнөөдрийг хүртэл 14000 цэрэг энхийг сахиулах үйл ажиллаганд оролцож үүрэг гүйцэтгэсэн нь Монгол Улсын бахархал болж байгаа. Олон улсын энхийн сахиулах үйл ажиллагаанд оролцож буй энхийг сахиулагчид урьд нь 6 сараар үүрэг гүйцэтгэдэг байсан бол өнөөдөр 1 жилээр үүрэг гүйцэтгэж байна. Энэ бол Монгол Улс цэргийнхээ эрүүл мэнд, нийгмийн асуудлыг умартсан маш хариуцлагүй хандсан асуудал гэж үзэж байна.
- Консулын харилцаа, иргэдийн харилцан визгүй зорчих орны тоог нэмэгдүүлэх, хилийн чанад дахь Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр онцгой анхаарч ажиллах,-Шинэчлэлийн Засгийн газрын гадаад бодлогын зорилтын эхэнд Монгол иргэдийн гадаадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх, гадаадад байгаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, тэдний зөрчигдсөн эрхийг өмгөөлөх, аливаа хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, үндэсний хэл, соёл, өв уламжлалаа дэлхийд сурталчлахыг дэмжих, гадаадад төрсөн монгол хүүхдийг эх хэл, соёлоо сургах, Монгол судлалыг эрчимжүүэх, хил орчмын иргэдийн түр хугацаагаар хил нэвтрэх боломжийг бий болгох зэрэг асуудлыг тусгаж байсан билээ.-Мөн эдийн засгийг эрчимжүүлэх зорилгоор 2014 онд баталсан Монгол Улсад визгүй зорчих 42 орны жагсаалтыг АСЕМ-ийн хурлын бэлтгэл ажилтай холбогдуулан 2016 оны 1 дүгээр сараас эхлэн хүчингүй болгож цуцалсан. АСЕМ-ийн хурал аль хэдийн болоод дууссан ч гадаад хэргийн яам энэ асуудлыг дахиж эргэж хөндсөнгүй.
- Гадаад, дотоод дахь өмч, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, тооллого, ашиглалтын менежмэнтийг сайжруулах,-Гадаад дахь Монгол Улсын өмч, барилгад тухай бүрт шаардлагатай засвар үйлчилгээ хийгдэж чадахгүй байгаагаас үнэгүйдэж, үрэгдэж байна. Тухайлбал Москва дахь Элчин сайдын яамны байранд ОХУ-ын хуулиар хориглосон нууц казино, мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан, Элчин сайдын яамны II байраа түрээсийн гэрээ хийх нэрээр гадныханд алдсан гэх мэт асуудал гарсаар байна.-Дипломат-95 цогцолборын байрыг АСЕМ-ийн хурлын сэтгүүлч, төлөөлөгчдийг байрлуулах нэрээр далим гарган дарга нарт хувьчилсан нь луйврийн шинжтэй үйлдэл болсон.