Сүрьеэ өвчин нь сүрьеэгийн савханцараар үүсгэгддэг халдварт өвчин юм. Сүрьеэгийн савханцар нь голдуу уушгийг гэмтээдэг боловч цусаар дамжин бүх биеэр тархаж нуруу үе мөч, бөөр, тархи, бэлэг эрхтэн болон бусад эрхтнийг гэмтээж болно.
Сүрьеэ хэрхэн халдварладаг вэ?
Агаар дуслын замаар халдвар дамждаг. Уушигны хэлбэрийн сүрьеэгээр өвдсөн өвчтөн ханиалгах, найтаах, ярих үед сүрьеэгийн нян агаарт цацагдаж, ойр орчиндоо халдвар тараадаг. Өвчтөний ойр гэр бүлийн хүмүүс халдварлах эрсдэл их байдаг. Халдвар авсан хүмүүсийн 10 орчим хувь нь өвчилж, үлдсэн ихэнхи хувь нь өвчлөлгүйгээр амьдралын туршид сүрьеэгийн халдварыг хадгалсаар явдаг байна.
Сүрьеэгээр өвдөх эрсдэл:
- Удаан хугацаагаар хүндээр өвдөх
- Байнгын сэтгэлийн дарамттай байх
- Дархлаа сулрах
- Хорт зуршилд автах
- Хоол хүнсээр шаардлагатай аминдэм, эрдэс бодисоо авч чадахгүй байх
- Биеийн болон оюуны хэт ачаалалтай удаан ажиллах
- ХДХВ-ийн халдвар авсан бол
- Бохир заваан, нарны гэрэл тусдаггүй агааржилт хангалтгүй орчинд ажиллаж амьдрах нь сүрьеэгээр өвчлөхөд нөлөөлдөг.
Сүрьеэ өвчний үед илрэх шинж тэмдэг:
- Ядарч сульдах
- Турах
- Хоолонд дургүй болох
- Халуурах
- Шөнө хөлрөх
- 2 долоо хоног түүнээс дээш хугацаагаар ханиалгах
- Цээжээр өвдөх
- Цустай буюу цэртэй ханиалгах
Сүрьеэгээс яаж урьдчилан сэргийлэх вэ?
- Дархлаажуулалтанд хамрагдах
- Уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнг эрт илрүүлж төгс эмчлэх нь бусдад халдвар тараахаас сэргийлэх үр дүнтэй арга юм
- Гэр бүлийн бүх гишүүд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах
- Амин дэм тэжээллэг хоол хүнс хэрэглэх
- Ажил амралтаа зохицуулж хэт ядрахгүй байх
- Өрөө тасалгаа нь цэвэр агааржуулалт сайтай байх нарны гэрэл тусдаг байх
- Биеийн дархлааг сайжруулах
Сүрьеэ эдгэрдэг өвчин бөгөөд эмчилгээний явцад анхаарах зүйлс:
- Сүрьеэгийн эмийг эмчийн хяналтанд ууснаар сүрьеэ бүрэн эдгэрнэ. Сүрьеэгийн эмчилгээ үнэ төлбөргүй хийгддэг.
- Эмээ тасралтгүй эмчийн хяналтанд 6-8 сар уух. Эмчилгээ эхэлсний дараа 2-4 долоо хоногийн дараа таны зовиур арилна. Энэ үед өвчин бүрэн эдгэрсэн биш өвчний нян бүрэн үхээгүй идэвхигүй байдалд орсон байдаг.
- Эмчилгээ хийлгэх явцад эмч зөвшөөртөл ажил, сургууль, цэцэрлэг, олон нийтийн газар явахаас татгалзах
- Халдваргүйжүүлэх бодистой таглаатай тусгай саванд цэрээ хаях
- Эмээ алдаг оног ууж эмчилгээг олон хоногоор таслах нь сүрьеэгийн савханцар эмэнд тэсвэржин улмаар эмэнд дасалтай сүрьеэ үүсдэг аюултай
- Эмэнд дасалтай сүрьеэг 2 жилийн турш эрчимтэй эмчлүүлэх шаардлагатай болдог.
Сүрьеэгийн эдгэрэлтэнд өвчтөний сэтгэл санаа тайван байх нь чухал тул өвдсөн хүн айж эмээх, санаа зовох, ичих шаардлагагүй мөн өвчтөний гэр бүлийн гишүүд, найз нөхөд ажлын хамт олон өвчнийг бүрэн эдгэрэхэд нь туслах.
Үүнд: сэтгэл санааг дэмжих, чанарлаг хоол хүнсээр ханган, ажлын зохицуулалт хийх зэрэг халамж анхаарал тавих нь зүйтэй.