Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг ирэх гуравдугаар сард албан ёсны хоёр ч нөхөрсөг тоглолтод оролцохоор болжээ. Тэд эхлээд гуравдугаар сарын 22-ны өдөр Куала Лумпур хотод зочилж, талбайн эзэн Малайзын шигшээ багтай тоглох бол 27-нд Маврикийн (Mauritius) шигшээ багийг Улаанбаатар хотноо хүлээн авна. Тус тоглолт нь Монгол Улсад болох гэж буй “FIFA”-ын албан ёсны анхны нөхөрсөг тоглолт (FIFA Tier 1 Friendly Match) юм.
Монгол Улсын үндэсний шигшээ баг одоогоор “FIFA”-ын чансааны 189 дүгээр байрт бичигдэж байна. Харин Малайзын шигшээ баг 175-д, Маврикийн шигшээ баг 157-д жагсаж байгаа юм. Тиймээс манай улсын шигшээ баг эдгээр нөхөрсөг тоглолтуудад амжилттай тоглож чадвал өөрсдийн чансаагаа ахиулах боломжтой.
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Герман улсын мэргэжилтэн Майкл Вайсс ойрын ирээдүйд гурван том зорилго тавиад байгаа нь олон улсын туршлага хуримтлуулах, “FIFA“-ын чансаагаа улам дээшлүүлэх, Зүүн Азийн АШТ-д амжилттай оролцох юм. Энэ ч үүднээс манай тамирчид ирэх сарын 01-20-ны өдрүүдэд нэгдсэн бэлтгэлд хамрагдана. Мөн ирэх сарын 20-ноос гуравдугаар сарын 20-ны өдөр хүртэл БНХАУ-д байрлаж, бэлтгэл хийх аж.
Одоогоор нийт 29 тоглогч Үндэсний шигшээ багийн бэлтгэлд дуудагдаад байгаа бөгөөд эдгээрээс 23 тоглогч нөхөрсөг тоглолтын мэдүүлэгт багтах учиртай.
Шигшээ багийн бэлтгэлд дуудагдсан 29 тоглогч:
Хаалгач: А.Сайханчулуун (Улаанбаатар Сити), Э.Мөнх-Эрдэнэ (Атлетик 220), Б.Ариунболд (Эрчим)
Хамгаалагч: Д.Төрбат (Атлетик 220), О.Мөнх-Оргил (Дэрэн), Ц.Энхжаргал (Эрчим), А.Мөнхнасан (Эф Си Улаанбаатар), Н.Цэдэнбал (Улаанбаатар Сити), А.Нармандах (Дэрэн), О.Оюунбаатар (Улаанбаатар Сити), Б.Даваажав (Эрчим), М.Алтанхүү (Улаанбаатар Сити)
Хагас хамгаалагч: С.Ганхуяг (Хангарьд), Б.Цэрэнбаяр (Улаанбаатар Сити), Г.Гантогтох (Улаанбаатар Сити), Б.Төгсбилэг (Улаанбаатар Сити), Б.Батмөнх (Дэрэн), Ц.Мөнх-Эрдэнэ (Хангарьд), А.Тэмүүжин (Дэрэн), Б.Балжинням (Хоромхон), Ж.Сүндорж (Улаанбаатар Сити), Д.Билгүүн (Дэрэн), М.Төгөлдөр (Эрчим), О.Баяржаргал (Эф Си Улаанбаатар)
Довтлогч: Н.Наранболд (Атлетик 220), П.Энхбилэг (Гоёо Эф Си), М.Жансерик (Дэрэн), Ц.Түмэнжаргал (Улаанбаатар Сити), С.Гал-Эрдэнэ (Эрчим)