“Мисс монголиа” холбоо, “SBN” телевиз хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг монголын гоо бүсгүйг шалгаруулах “Мисс монголиа 2018” тэмцээний тэргүүн миссээр Б.Мөнхчимэг тодорлоо.
Тэргүүн миссийн титмийн эзэн болсноор тэрбээр ирэх 11 дүгээр сард Япон Улсад болох "MISS INTERNATIONAL 2018" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн болов.
Б.Мөнхчимэг нь Андра агентлагийн загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд “Шинэ монгол коосэн”-д суралцдаг, Япон хэлтэй, Төмөр хуур хөгжим тоглох, бүжиглэх авьяастай аж.
Тэмцээний эцсийн шатанд тэргүүн миссийн титмийн төлөө 19 бүсгүй гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа өрсөлдсөн юм.Дашрамд сонирхуулахад, Авьяаслаг миссийн төрөлд тэрбээр хэл хуур буюу аман хуурыг бүжигтэй хослуулан тоглож үзэгчдийг алмайруулж, шүүгчдээс өндөр үнэлгээ авчээ.