Дархан аварга Х.Баянмөнх Допингийн Үндэсний төвийн удирдлагуудыг АТГ-т шалгуулахаар хандаж, гомдлоо өглөө. Улмаар АТГ-ын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Х.Баянмөнх "Бөхчүүдийн допингийн асуудал сүүлийн 16 жил ямар ч хууль, дүрэмгүй явж ирлээ. Хөндлөнгийн хяналтгүй, ганц эмч сувилагчийн мэдэлд байдаг боллоо. Энэ байдал удаж байна. Допингийн Эсрэг Төвийн захирал, эмч, дээж авагч, хянагч тэргүүтэй хүмүүс бөхчүүдийн шинжилгээний хариуг хуурамчаар гаргадаг, шинжилгээний хариугаар шантаажилж бөхчүүдээс мөнгө авч хууль бус бизнес хийдэг, шинжилгээ авч дүгнэлт гаргахдаа хөндлөнгийн ямар ч хяналтгүй хийдэг, допинг илэрсэн бөхчүүдийн шинжилгээний хариуг нуун дарагдуулдаг хууль бус ажиллагаа хэрээс хэтэрч байгаа тул дээрх хүмүүсийг шалгуулж, хариуцлага тооцуулахаар хандаж байна. Дээрх хүмүүс нь ах дүү, эхнэр нөхөр, хамаарал бүхий хүмүүс байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэйгээс гадна, дээрх хууль бус үйл ажиллагаагаа хөндлөнгийн хяналтгүй гүйцэлдүүлэх шалтгаан болж байна. Тухайлбал Допингийн Эсрэг Төвийн гүйцэтгэх захирал нь “Аварга” Дээд Сургуулийн орлогч захирал Г.Сүхбат, их эмч нь Г.Сүхбатын шавь Д.Энхсанаа, хянагч нь Д.Энхсанаагийн нөхөр Энх-Амгалангийн дүү Хайдавдорж, дээж авагч нь мөн энэ хүмүүстэй хамаарал бүхий хүмүүс байна.
УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн мэдлийн Аварга Дээд Сургуулийн захирал, багш, ажилтнууд нь гэр бүлээрээ энэ байгууллагыг удирдаж, Монгол бөхчүүдийг талцуулан хувааж, өөрийн эзэнд таалагдахгүй байгаа бөхчүүдийг допингчин болгож, хувь заяа, хөдөлмөр, нэр төрөөр нь тоглох аюултай хэрэгсэл болжээ. Эдгээр хүмүүс бөхчүүдээс шээснээс чинь допинг илэрсэн, зарлалаа гэж мөнгө нэхдэг, мөнгө өгсөнгүй гэж олон нийтэд зарладаг, худал дүгнэлт гаргаж, шинжилгээний хариуг сольж, ид барилдах насан дээрээ байгаа олон залуучуудын амьдрал, нэр хүнд, хувь заяагаар тоглож байна. Миний бие үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн цагаасаа эхлэн бүх насаараа өнөөдрийг хүртэл допинг гэдэг зүйлийн эсрэг байсан. Допинг бол Монгол үндэсний бөхөд байж боломгүй, Монгол хүний удмын санд сөргөөр нөлөөлөх хор, хөнөөлтэй зүйл юм. Бөхчүүдээс допингийн шинжилгээ авах эрхийг олж авсан энэ байгууллага нь ах дүү, эхнэр нөхөр, хамаатан садан, хамаарал бүхий, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байж болохгүй. Олон жилийн турш бөхчүүдээс хаалттай, далд, ил тод биш, шударга биш, эргэлзээтэй нөхцөлд байдалд шинжилгээ авч, хуурамч дүгнэлт гаргаж, жинхэнэ дүгнэлтийг өөрчилж, шинжилгээний хариугаар нь шантаажилж мөнгө нэхдэг, хариуг нь нуун дарагдуулдаг болсныг Монголын ихэнх бөхчүүд мэддэг, хоорондоо ярьдаг болсон байна. Монгол бөхчүүдийг талцуулан хувааж, өөрийн эзэнд таалагдахгүй байгаа бөхчүүдийг допингчин болгож, хувь заяа, хөдөлмөр, нэр төрөөр нь тоглох аюултай хэрэгсэл болжээ. Допингийн эсрэг төвийн удирдлага, ажилчид, албан хаагчид нь нэг нэгнээсээ, нэг дээд сургуулиас, нэг дархан аваргаас хамааралгүй байж шударга, хараат бус ажиллаж чадна. Ашиг сонирхлын зөрчилтэй гэр бүл, багш шавь, төрөл садангийн хүмүүс нийлж хуурамч дүгнэлт гаргаж, бөхчүүдийг шантаажилж, мөнгө нэхэж, шинжилгээний хариуг өөрчилж байгаа үйлдлийг миний бие эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байна.Иймд Допингийн Эсрэг Төвийн үйл ажиллагааг шалгуулахын хүслээ" гэв. Дархан аварга Х.Баянмөнх АТГ-т хандаж байгаагаас нь харахад допингийн шинжилгээний асуудалд авлига орсон гэж үзэж байгаа бололтой.