УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийнэ.
УИХ-ын тухай хуулийн 15.1-д УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган 4 дүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 01-ний хооронд тус тус хуралдахаар тусгасан.
Хэрэв ээлжит чуулганыг нээх, хаах өдрүүд амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал ажлын өдөрт шилжүүлдэг. Энэ жил 07 дугаар сарын 01 ням гарагт таарч буй тул Хаврын ээлжит чуулганыг өнөөдөр хаахаар УИХ-ын даргын зөвлөл шийдвэрлэсэн байна.
Өнөөдрийн хуралдааны төгсгөлд УИХ-ын 2018 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батална. Уг жагсаалтад оруулах хууль, тогтоомжийн төслийн талаар төсөл санаачлагчдаас урьдчилсан санал авахад Ерөнхийлөгчөөс 2, УИХ дахь намын бүлэг, Байнгын хороодоос 64, Засгийн газраас 104 санал ирүүлсэн байна. Үүнд 2019 оны төсөв, Татварын багц хуулийн төсөл, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай зэрэг хууль, тогтооолын төсөл багтжээ.