Баян-Өлгий аймагт учирсан хохирлыг арилгахад шаардлагатай хөрөнгийг гаргав

DCIM100MEDIADJI_0072.JPG

Баян-Өлгий аймагт долоодугаар сар гарсаар дөрвөн удаа усархаг аадар бороо орсны улмаас Өлгий сумын долоон багийн 530 айлын 2500 гаруй хүн гамшигт нэрвэгдсэн. Гурван иргэн бэртэж гэмтэн, 287 байшин бүрэн нурж, гэр, хашаа, байшин усанд автсан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын онцгой комиссыг зарлан хуралдуулж нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсон холбогдох хүмүүст үүрэг, чиглэл өгч шийдвэр гаргасан юм.

Энэ дагуу Баян-Өлгий аймагт 80 гэр, ус тээвэрлэгч, бохирын болон түргэн тусламжийн автомашин, дугуйт ачигч зэрэг техникийг Улсын нөөцөөс гаргасан бол Дэлхийн зөн-Монгол, МУЗН, Адра, Каритас олон улсын хүмүүнлэгийн байгууллага 115 мянган ам.долларын үнэ бүхий тусламж үзүүлжээ.

Өлгий суманд учирсан хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар 15.6 тэрбум төгрөг болоод байна. Засгийн газрын хуралдаанаар энэ талаар хэлэлцээд шаардагдах 540 гаруй сая төгрөгийн 468 саяыг Засгийн газрын нөөц сангаас, үлдэх хэсгийг аймаг, сумын нөөц сангаас гаргах нь зүйтэйгэж үзэв. Мөн Өлгий сумын үерийн хамгаалалтын даланг шинэчлэх ажлаа шуурхайлахыг аймгийн Засаг даргад үүрэг болгов.

Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймагт нийт 116 км урт авто зам, замын байгууламж үерт автаж эвдэрсэн. Үүнийг сэргээн засахад шаардагдах нэг тэрбум 300 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.