БНСУ-аас хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэн, хадгалах хугацааных нь бичгийг өөрчлөн борлуулдаг байсан БНСУ-ын иргэн Пак Дун Вон гэгчийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Тус Солонгос иргэн манай улсад хуурамч хугацаа нь дууссан бүтээгдэхүүн оруулж ирэхээс гадна Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын сүлжээ хүнсний дэлгүүр болон Хятад, Солонгосын хөрөнгө оруулалттай томоохон ресторануудад тэдгээр бараагаа нийлүүлдэг байсан нь нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар ил болсон байна.
Мөн БНСУ-ын иргэн Пак Дун Вон гэгч нь "Ханару" гэх сүлжээ дэлгүүрийг ажиллуулдаг байсан аж. Тус сүлжээ дэлгүүр нь баруун дөрвөн замд буюу “Нарантуул” зочид буудлын эсрэг талд байрладаг аж. Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг хил гаалиар нэвтрүүлэхдээ 40 тоннын контейнерийн 80 хувьд нь нууцалж оруулж ирдэг байсан гэнэ. Шалгалтын явцад 2014, 2015 онд хугацаа нь дууссан далайн гаралтай бүтээгдэхүүний хугацааг өөрчлөн, худалдаалж байсан аж. Энэ талаар НМХГ-ын байцаагч “Манай НМХГ-т 10 дугаар сарын 15-ны өглөө нэгэн иргэн гомдол гаргасан. Гомдол гаргагч нотлох баримтын хамт авчир өгсөн. Бид уг мэдээллийн мөрөөр хяналт шалгалт хийхэд далайн гаралтай бүтээгдэхүүн болон хиам зэрэг 2016 онд дууссан 10-иад төрлийн хүнсний бүтээгдэхүүн байна. Тус дэлгүүрийн худалдагч үйлдвэрлэсэн цаг хугацааг нь захиралынхаа үүрэг даалгаврын дагуу огноог нь өөрчилсөн гэж хэлсэн. Мөн агуулах нь стандартын шаардлагад нийцэхгүй байгаа. Мэрэгч амьтны баас их хэмжээтэй байсан. Тиймээс агуулахыг битүүмжилнэ” хэмээсэн юм.
Тиймээс БНСУ-д үйлдвэрлэсэн далайн гаралтай болон бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, мөн өргөн хэрэглээний амтлагч худалдаж авахдаа анхаарал сэрэмжтэй хандахыг анхааруулж байна.