Жюү жицүгийн УАШТ-д ОХУ-ын тамирчид өрсөлдөнө

Монголын жюү жицүгийн холбооны 2020 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ бямба, ням /2020.01.11-12/ гарагт Спортын төв ордонд болно.

Шинэ он гарсаар чөлөөт бөх, пауэрлифтингийн тамирчид УАШТ-д өрсөлдөн, шилдгүүдээ тодруулаад байгаа юм. Монголд хөгжөөд 12 жил гаруй болж буй жюү жицүгийн спортоор ямар ч насны хүн хичээллэх боломжтой, бэртэл гэмтэл багатай гэдгээрээ жил ирэх тутам хичээллэгсдийн тоо нэмэгдэх болжээ. Тэмцээнийг насанд хүрэгчид, мастерс, залуучууд гэсэн ангиллаар явуулна.

Тэмцээний нээлтийн ёслол бямба гарагийн 15 цагт болох бөгөөд ОХУ-аас 88 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Сүүлийн жилүүдэд Монголын жюү жицүгийн холбоо АНЭУ-ын AJPtour байгууллагатай хамтран анх удаа УАШТ-ийг нээлттэй зохион байгуулах болсон. Энэ нь Монголын тамирчдын ур чадвар, чансааг шалгахаас гадна гадаадын тамирчдаас туршлага хуримтлуулах ач тустай юм.

Энэхүү УАШТ-д 3 орны 38 байгууллагын 753 тамирчин оролцохоор болжээ. Тэмцээний шигшээ барилдаан болон шагнал гардуулах ёслол ням гарагт болох юм.