Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд шинээр баригдах бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын шав тавих үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НИТХ–ын төлөөлөгч Н.Баярмөнх, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга, орлогч, хэлтсийн дарга нар оролцов.
Шав тавьсан уг газарт өмнө нь 1965 онд байгуулагдсан 146 дугаар цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байжээ. Улмаар барилга хуучирч муудсанаар 2012 онд актлагдаж, 2014 онд буулгагдсан байна. Ингэснээр тус хороонд байрлах 2100 хүүхдийн хүчин чадалтай “Шавь” цогцолбор сургууль нь 3813, 250 хүүхдийн хүчин чадалтай 115 дугаар цэцэрлэг 625 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Сургууль, цэцэрлэгийн асуудалтай байсан тус хороонд бага сургууль, цэцэрлэгийн шавыг тавьж, 2017 онд барилгын ажил эхлэх болсонд цэцэрлэгийн үе үеийн багш, ажилчид, эцэг, эхчүүд талархсанаа илэрхийлэв.