Хөл хориог дөрөв хоног сунгалаа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотод тогтоосон Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацааг дөрөв хоног сунгахаар шийдвэрлэсэн талаар Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар мэдээлэв.

Тодруулбал, Засгийн газраас коронавирусний тархалтыг хумих зорилгоор Улаанбаатар хотод өнгөрсөн сарын 23-наас энэ сарын 6-ны 06.00 цаг хүртэл хатуу хөл хорио буюу Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоох шийдвэр гаргаад байсан юм. Улмаар цар тахал буурахгүй байгаа төдийгүй нийслэлд эх үүсвэр нь тодорхойгүй халдвар илэрч байгаа тул ЭМЯ, ХӨСҮТ, эрдэмтэн судлаачид, ХӨСҮТ зэрэг 11 байгууллагын саналыг үндэслэн хатуу хөл хориог 4 хоног сунгажээ.

Харин энэ сарын 11-ний 06.00 цагаас хөл хорионы зэрэглэлийг бууруулж, худалдаа, үйлдвэр үйлчилгээний салбарыг хэвийн горимд шилжүүлэх чиглэлээр тодорхой шийдвэр гаргаж байна хэмээн Шадар сайд онцлов.