Ирэх даваа гарагт худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг нээнэ

Засгийн газар, УОК-оос коронавирусний вакцин авах дөрвөн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд энэ оны нэгдүгээр улиралд багтан вакцинжуулах ажил эхлэх боломжтой хэмээн үзэж байгаа аж.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотод тогтоосон Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 4 хоног сунгахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг нийтэд танилцуулах хэвлэлийн хурлын үеэр Шадар сайд Я.Содбаатар дээрх мэдээллийг өгсөн юм.

Мөн тэрбээр, “Бид сүүлийн өдрүүдэд нийслэлийн 3600 гаруй иргэнээс санал авсан бөгөөд үүний 70 хувь нь хөл хориог сулруулах, 30 хувь нь хатуу хөл хориог сунгах хэрэгтэй гэсэн санал өгсөн. Мөн төрийн голлох агентлагууд 3-14 хоног сунгах санал өгсөн. Энэ бүх саналыг үндэслэн ирэх 7 хоногийн нэг дэх өдрийн өглөөний 6.00 цагаас зэрэглэл бууруулж, худалдаа үйлдвэр, үйлчилгээний салбаруудаа тодорхой хэмжээгээр нээнэ. Гэхдээ энэ 7 хоногийн хугацаанд халдварын шинэ голомт үүсэж, цар тахал улам тархах нөхцөл байдал үүсвэл илүү хатуу арга хэмжээ авахаас өөр аргагүй болно" хэмээв.

Дэлхийн улс орнуудад цар тахлыг хязгаарлаж байгаа арга бол хатуу хөл хорио. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар аль болох уян хатан шийдвэр гаргаж, коронавирусний нөхцөл байдал сулрах үед иргэдийн амьжиргааг бодон аж ахуйн нэгжийн ажлыг хэвийн болгох бодлого барьж байгааг Шадар сайд мэдээлэлдээ дурдлаа.

Одоо Улаанбаатар хотод голомтыг хумих, халдварын зураглалыг зөв гаргах, халдвар хамгааллын дэглэм сахиулахад гол анхаарлаа хандуулж байгаа ажээ.