"COVID-19" халдварын 160 тохиолдол нэмж бүртгэгдэв

Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 160 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь коронавируст халдвар дотоодод бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн их үзүүлэлт болж байна.

ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад нийт 24 482 хүнд шинжилгээ хийжээ.

Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын 141 нь ойрын хавьтал байгаа бөгөөд 19 хүний халдварын эх үүсвэрийг тодорхойлохоор ажиллаж байна. Эдгээр хүмүүс БЗД-ийн 4, 14 дүгээр хороо, БГД-ийн 7 дугаар хороо, СБД-ийн 11, 12 дугаар хороо, СХД-ийн 3, 8, 25, 37 дугаар хороо, ХУД-ийн 20 дугаар хороонд амьдардаг иргэд аж.

Манай улсад өнөөдрийн байдлаар, “COVID-19” халдварын нийт 4 658 тохиолдол бүртгэгдсэнээс 3 296 нь эдгэрчээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 84 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, СБД, СХД, Завхан, Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавирусний улмаас нийт 1284 хүн эмчлүүлж байгаагаас 1138 нь хөнгөн, 136 нь хүндэвтэр, 7 нь хүнд, гурван хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байгаа аж.

Халдварын тохиолдлууд өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа тул иргэд хамгийн энгийн, үр дүнтэй арга болох гараа угаах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, агаар сэлгэлт, ариутгалыг тогтмол хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг ХӨСҮТ-ээс сануулав.