Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад өнөөдрөөс эхлэн байгалийн баялгийн хишиг болох 1 сая төгрөгийг тэтгэврийн дансанд нь шилжүүлж эхэлжээ. Тодруулбал, 238 мянган ахмад настан өнгөрөгч онд тэтгэврийн зээлийг тэглэх үед зээлгүй байсан бөгөөд тэдгээр ахмадуудад 1 сая төгрөгийн үнэт цаас олгох ажлыг эхлүүлж, улмаар мөнгийг нь өнөөдрөөс эхлэн шилжүүлж эхэлсэн байна.
Үнэт цаасыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс мөнгөжүүлэх ажлыг хийж байгаа юм. Статистик мэдээллээр тэтгэврийн зээлгүй 194.1 мянган ахмад байсан бол үлдсэн 43.9 мянган ахмад нь 1 хүртэлх сая төгрөгийн зээлтэй байсан учраас зөрүүг нь тооцон олгох, ингэснээр 216 тэрбум төгрөгийг энэхүү санхүүжилтэд олгохоор шийдвэрлэжээ. Ваучер авсан бүх ахмадын тэтгэврийн дансанд мөнгийг нь шилжүүлэх учраас банкинд очерлох шаардлагагүй гэдгийг албаны хүмүүс онцолж байсан юм.
“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс силвер ресурс” компаниуд Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төлөх хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, дээрх арга хэмжээнд шаардагдах 216.0 тэрбум төгрөгийг хуримтлуулж, бэлэн болгосон билээ.
Үүнээс өмнө 6.0 сая хүртэл төгрөгийн зээлтэй байсан 228.5 мянган иргэний 695.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн бол одоо 238.0 мянган иргэнд 216.0 тэрбум төгрөг олгогдохоор болж байна. Нийтдээ ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээнд 466.5 мянган ахмад хамрагдаж, 911.0 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа юм.