Нийслэлд цагийн хязгаартай, автомашингүй жишиг гудамж бий болгох ажлын хүрээнд эртэч монголчуудад зориулсан “Өглөөний Улаанбаатар” гудамжийг байгуулж байгаа.
Төслийн удирдагч С.Батмөнх, “Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа өглөө эрт эхэлдэг аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллага ховор байдаг. Ажилдаа эрт явдаг иргэдэд энэ бол зайлшгүй хэрэгцээт гудамж. Жуулчны гудамжинд эхлүүлж буй ажил бол жишиг болж байгаагаараа онцлог.
Цаашид нийт гурван газарт жишиг гудамж бий болгохоор ажиллаж байна. Жишиг гудамжийг ирэх сард багтаан Жамьян-Гүний гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж зэрэг байршилд бий болгохоор төлөвлөж байгаа. Мөн өвөл энэхүү гудамжны үйл ажиллагааг хэрхэн үргэлжлүүлэх талаар ч судалж байгаа.
Гэвч жишиг гудамж өдөр бүр цагийн хязгаарлалттай байх боломжгүй. Тиймээс тодорхой өдрийн зохицуулалтыг хийсэн.
Жуулчны гудамж Даваа, Лхагва, Баасан гаригт, Жамьян гүний гудамж амралтын өдрүүдэд өглөө 06.00-09.00 цагт, Ерөнхий сайд А.Амарын гудамж Баасан, Бямба, Ням гарагийн оройн 20.00-00.00 цаг хүртэл иргэдэд нээлттэй байхаар зохион байгуулна” гэв.
Өглөөний гудамжинд ном, цэцгийн худалдаа, зоогийн газар, кофе шоп зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн гэсэн онцлогтой цэсээр иргэдэд үйлчлэх аж. Мөн долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн, худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Жишиг гудамжийг ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилгоор “Эртэч Монгол” хөтөлбөрөөс санаачлан НЗДТГ-аас байгуулжээ.Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны зургадугаар сарын 24-ний А/501 дүгээр захирамжийн дагуу цагийн хязгаартай, автомашингүй гудамжийг “Жуулчны гудамж”-нд эхлүүлж, тохижуулсан байна.
Өглөөний гудамж байгуулж, иргэдэд тав тухтай үйлчилгээ үзүүлэх тал дээр анхаарч ажиллахыг нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үүрэг болгосон юм.