Ирэх сараас газар эзэмшигч, өмчлөгч иргэн өөрийн газрынхаа гэрчилгээг цахимаар хэвлэн авах боломжтой болсон тухай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэв.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Авлигын индексийг бууруулах ажлын багаас Засгийн газрын хуралдаанд хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулжээ. Тус ажлын баг төрийн үйл ажиллагааг цахимжуулах, шат дараатай дамжлага, лицензийг бууруулах чиглэлд дээрх ажлыг хэрэгжүүлсэн байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ, "10 дугаар сарын 1-нээс эхлэн сум, дүүрэг, аймаг, нийслэлийн газрын албанд заавал очиж дугаарлахгүйгээр газар эзэмшигч, өмчлөгч өөрийн газрынхаа гэрчилгээг цахимд хандаж, QR кодтойгоор хэвлэн авах боломжийг бүрдсэн. Хэрэв тухайн хүн хүсвэл үнэт цаасанд хэвлүүлж болно. Цахимаар авсан QR гэрчилгээ нь цаасанд хэвлүүлсэнтэй ижил хүчинтэй байхаар зохицуулалт гаргасан" гэдгийг онцоллоо.
Тухайн иргэн egazar.gov.mn вебсайтад хандаж өөрийн газрынхаа гэрчилгээг хэвлэн авах боломжтой аж.