Гадаадаас ирж буй иргэн вакцины бүрэн тун хийлгээгүй бол гэртээ тусгаарлагдана

Гадаад улс орноос Монгол Улсад ирж байгаа иргэдийг хил нэвтрэхээсээ өмнө 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний "сөрөг" хариутай байх ёстой гэдгийг УОК-ын Шуурхай штабаас анхаарууллаа.

Коронавирусээр халдварлаад эдгэрсэн тохиолдолд эдгэрснийг нотлох баримт бичгийг үзүүлэн хилээр нэвтэрнэ. Түүнчлэн КОВИД-19 вакцины бүрэн тун хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн бол, эсвэл өвдөөд эдгэрснийг нотлох баримт бичигтэй тохиолдолд гэрийн тусгаарлалтад орохгүй юм.

Харин КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй, бүрэн тун хийлгээгүй, бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног болоогүй бол 7 хоног гэрийн тусгаарлалтад байна. Мөн тухайн вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоног өнгөрсөн ч вакцин хийлгээгүй 18 хүртэлх насны хүүхэдтэй хамт ирсэн бол 7 хоног гэрийн тусгаарлалтад байх журам үйлчилж байгаа юм.

Гэрийн тусгаарлалтын хугацаанд гэртээ зочин урихгүй байх, олон нийтийн газар явахгүй байх зэрэг халдвар, хяналтын дэглэм сахихаас гадна биеийн халууныг тогтмол хянаж, КОВИД-19-ийн сэжигтэй шинж тэмдэг илэрвэл яаралтай өрхийн эмнэлэгтээ хандаж, шинжилгээнд хамрагдахыг УОК-ын Шуурхай штабаас анхаарууллаа.