Улсын дээд шүүх АН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэв

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Ардчилсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэв.

Тодруулбал, өнгөрсөн оны 12 дугаар сарын 14-нд АН-ын “Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх тухай” хүсэлтийг УДШ-д хүргүүлсэн. Харин УДШ-ийн нийт шүүгчдийн өнгөрсөн сарын 9-ний хуралдаанаар Үндэсний бодлогын хороонд намын  үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт оруулах эрх хэмжээ байхгүй хэмээн үзэж, татгалзсан билээ. Энэ дагуу тус намаас энэ сарын 5-нд ээлжит бус XIII их хурлаа хуралдуулсан бөгөөд үүнд 21 аймаг, 330 сум, есөн дүүргийн 1192 төлөөлөгч оролцжээ. Улмаар тус хуралдаанаас намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг С.Эрдэнэ нар УДШ-д энэ сарын 10-нд хүргүүлсэн юм. Тиймээс УДШ-ийн өнгөрсөн сарын 9-ний хуралдааны 5 дугаар тогтоолд заасан зөрчил арилсан хэмээн үзэж, дүрмийг өнөөдөр улсын бүртгэлд бүртгэлээ.