Монголыг сурталчлах цахим платформыг өнөөдөр албан ёсоор нээлээ.
Үүнтэй холбоотойгоор Монголыг сурталчлах цахим платформыг өнөөдөр албан ёсоор нээлээ. Энэ тухай Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: "2023-2024 оныг Монголд зочлох жил болгон албан ёсоор зарласан нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нэг сая хүртэлх жуулчныг авах ажил албан ёсоор эхлэхэд томоохон хэмжээний дэмжлэг болно гэж харж байна гээд, цар тахлын дараа үүссэн нөхцөл байдлын улмаас дэлхийн улс орнууд 2019 онд авч байсан жуулчны хэмжээгээ авахын тулд 2024 он хүртэл хугацаа шаардлагатай гэх мэдээлэл бий.
Иймд Засгийн газар, БОАЖЯ-наас Монголыг гадаадад сурталчлах цахим платформыг өнөөдрөөс албан ёсоор олон улсад зарлаж байна. Ингэхдээ Гадаад харилцааны яам, гаднын улс дахь дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан цахим виз олгогдож байгаа газруудад цахим платформыг албан ёсоор зарлаж байгаа. Мөн Монголд ирэхээр цахим виз авсан жуулчин бүрд Монгол Улсын Ерөнхий сайдын “Монгол Улсад тавтай морилно уу” гэсэн мэндчилгээг хүргэхээр болж байгаа.
Яагаад цахим платформтой болсон бэ гэхээр өнгөрсөн хугацаанд манай улс аялал жуулчлалын стратегигүй явж ирсэн. Одоо боловсруулаад явж байна. Стратегийн хувьд тулгамдаж байсан асуудал нь цахимаар Монгол Улсын мэдээллийг хайж олоход маш хэцүү байсан гэдэг.
Харин одоо манай улс албан ёсоор цахим платформтой болсноор олон улсад Монголын аялал жуулчлалын цогц бодлогыг зарлахаас гадна аж ахуйн нэгжүүдийг дэмжих маш том суурь болж байгаа. Учир нь тус платформ дээр тухайн эвэнтүүдтэй холбоотой мэдээллийг оруулж, тасалбарыг шууд худалдаалах боломжтой хөгжүүлэлтийг хийсэн.
Мөн аялал жуулчлалын бааз, компаниудтай холбоотой мэдээллийг оруулна. Ингэхдээ бид Монголд ирсэн жуулчдын тоог орнуудаар нь судлаад англи, испани, хятад, орос, япон, солонгос хэл дээр платформоо нээж байгааг дуулгая.
Тухайлбал, энэ платформ дээр Монголын түүх, хаад, хотуудтай холбоотой болон монгол үндэсний хоол гээд бүх мэдээлэл нэг дор багтсан. Уг платформыг аппликэйшн хэлбэрээр гар утсандаа суулгаад ашиглах боломжтой" гэлээ.