Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны энэ сарын 15, 16-ны өдрийн хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд олонхын саналаар бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмж 13 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.
Улсын хэмжээнд жилийн инфляц 2022 оны 11 дүгээр сард 14.5 хувьтай байв. Инфляц сүүлийн саруудад өмнөх төсөөлөлтэй нийцтэйгээр багасаж байна. Гэхдээ ирэх улирлуудад гадаад инфляц, хүнс, шатахууны үнийн өсөлтийн нөлөө өмнөх төсөөллөөс нэмэгдэх, төсвийн зардал, цалин хүлээлтээс илүү нэмэгдэхээр байгаа аж.
Эдийн засгийн идэвхжил энэ оны 3 дугаар улиралд хүлээлтээс харьцангуй их байж, цар тахлын өмнөх түвшинг давжээ. Сүүлийн саруудад уул уурхай, тээврийн салбар сэргэж, төмөр замын бүтээн байгуулалтын нөлөөгөөр барилгын салбар өсөлттэй болов. Худалдаа, үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татвар, хөдөө аж ахуйн салбар зэрэг уул уурхайн бус салбар 3 дугаар улиралд үргэлжлэн идэвхжив. Хөдөлмөрийн зах зээл цар тахлын өмнөх түвшинд хүрч, өрхийн хэрэглээ сүүлийн 4 улирал дараалан тогтвортой нэмэгдэж, өсөлтөд эерэг нөлөө үзүүллээ. Цаашид эдийн засгийн төлөв БНХАУ-ын “Тэг-ковид” бодлого, хилийн боомтын нөхцөл байдал, төлбөрийн тэнцлийн алдагдал, экспортын бодит орлого зэргээс хамаарахаар байгаа юм.
Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, экспортын гол түүхий эдийн үнэ буурч, гадаад орчны төлөв муудлаа. Ирэх онд гадаад орчны төлөв муудахтай зэрэгцэн төсвийн зардал огцом тэлж байгаа нь импортын эрэлтийг урамшуулж дотоод, гадаад тэнцвэрт сөргөөр нөлөөлөхөөр байна. Түүнчлэн, цалингийн өсөлтийг даган хэрэглээний зээлийн өсөлт эрчимжихээр байгаа нь өрхийн өр, хэрэглээний импортыг нэмэх нөлөөг үзүүлэхээр байгаа аж. Иймд Мөнгөний бодлогын хороо дунд хугацаанд инфляцын хүлээлтийг тогтворжуулах, төгрөгийн өгөөжийг өсгөх зорилгоор бодлогын хүүг нэмлээ. Энэ нь инфляцыг зорилтот түвшинд бууруулах, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангах бодлоготой нийцтэйг төв банк мэдээлэв.
Мөнгөний бодлогын төлөв нь гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт, инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарна. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляц зорилтот түвшинд тогтворжих хүртэл шаардлагатай бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн авахаар төлөвлөжээ.