УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр /Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр/-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Сангийн сайд Б.Жавхлан энэ үеэр хийсэн төслийн танилцуулгадаа “Монгол Улсын төлбөрийн тэнцэл энэ оны 3 дугаар улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 1,358.9 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 778.6 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй байна. Гадаад валютын албан нөөц өнгөрөгч сарын байдлаар 2,935.1 сая ам.доллар болж оны эхэн үетэй харьцуулахад 1,010.0 сая ам.доллароор буурсан. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого оны эхний 11 дугаар сард 14.4 их наяд төгрөг буюу 98.5 хувийн гүйцэтгэлтэй, нийт зарлага 15.5 их наяд төгрөг буюу 88.0 хувийн гүйцэтгэлтэй гарсан.
Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээний хүрээнд авч ашиглах 100 сая ам доллартой тэнцэх хэмжээний зээлийн эх үүсвэр нь Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд заасанчлан Засгийн газрын нэмэгдүүлэх өрийн дээд хэмжээнд нийцэж буй. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь долоон жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил байх ба Баталгаат овернайт санхүүжилтийн хүү дээр 0.81 хувийн нэмэгдэл бүхий хүүтэй байна” хэмээсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээний хүрээнд ямар арга хэмжээ авах талаар тодруулж хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Туваан 100 сая ам.долларын зээлийг юунд зарцуулах, үнийн өсөлт, инфляцын өсөлтөд ямар эерэг нөлөө үзүүлэхийг тодруулсан. Сангийн сайд Б.Жавхлан, “Энэ зээл нь цэвэр мөчлөг сөрсөн буюу төсвийн дэмжлэг юм. Төлбөрийн тэнцэл дээр бидэнд одоо валют юу юунаас илүү хэрэгтэй. Зээлээр орж ирэх төгрөгийг төсөвт, валютаа Төв банкны валютын нөөц дээрээ аваачиж тушаана. Ямар нэг төсөл, арга хэмжээ, бондын эргэн төлөлт огт биш” гэсэн хариултыг өгсөн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэн юм.