Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав.
Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга есөн чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 90.6 хувьтай байжээ. Тухайлбал, сайжруулсан шахмал түлшний чанар, борлуулалтад тавих хяналтыг сайжруулах үүрэг өгсөн. Өнгөрсөн 2022 онд борлуулалтын 650 цэгээр дамжуулан гэр хорооллын айл өрхийг нийт 533,300 тонн сайжруулсан шахмал түлшээр ханган ажиллажээ. Өнөөдрийн байдлаар 82 мянган тонн түлшний нөөцтэй байна. Түүхий эд, барьцалдуулагч, шуудайн нөөц хангалттай байгаа юм. Мөн инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник, тоног төхөөрөмж, бодис, давсны бэлэн байдлыг хангах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-нд үүрэг болгосон. Тэгвэл инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, 12 байгууллагын 172 машин механизм, 21 техниктэйгээр бодис, давсны бэлэн байдлыг ханган, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа.
Нийслэлийн хэмжээнд нийт 17,046 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Аж ахуйн нэгж ойр орчмынхоо 50 метр хүртэлх газрыг цэвэрлэх үүрэгтэй. Тэгвэл дээрх аж ахуйн нэгжийн 67.4 хувь буюу 11,485 нь 565,699 ам метр талбайн цас, мөсийг цэвэрлэсэн байна.
Хүүхдийг хүчирхийлэлд өртөх, ахуйн осолд орохоос урьдчилан сэргийлж ажиллаж байна
Өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагын удирдлагууд мэдээлэл өгсөн юм.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 17,194 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй дуудлага 2589 бүртгэгдэж, 65 нэгжээр буурсан. Хүнийг санаатай алах гэмт хэрэг бүртгэгдээгүй. 3100 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1.6 дахин өссөн үзүүлэлт. Өнгөрсөн долоо хоногт ахуйн хүрээний дуудлага олон ирсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар эргүүл, хяналт 24 цагаар үүрэг гүйцэтгэж, зөрчлийг газар дээр нь таслан зогсооход анхаарч ажиллалаа. Гэмт хэргийн 2500 дуудлага, мэдээлэл ирснээс 1046 нь гэмт хэргийн шинжтэй гэж бүртгэгдэж, шалгагдсан. Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 23.1 хувиар буурсан үзүүлэлт. Арванхоёрдугаар сарын 31-нд талбай дээр болсон Улаанбаатарын “Мөнгөн үдэш” арга хэмжээнд нийт 250 алба хаагч онцгой, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудтай хамтран ажилласан. Ноцтой дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй. Бага насны хоёр хүүхэд төөрснийг шуурхай ажиллан, эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн” гэв. Мөн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг хүчирхийлэлд өртөх, ахуйн осолд орохоос урьдчилан сэргийлж ажиллаж байгааг онцоллоо.
Багануур дүүрэгт бог малын мялзан өвчин бүртгэгдлээ
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 81 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр утаажилтын бүсээс 216 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 198 иргэнийг аварч, 6.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. 2023 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар объектын гал түймэр 87, аврах ажиллагааны 15, малын гоц халдварт өвчний нэг, нийт 103 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.9 хувиар буурсан үзүүлэлт” гэлээ.
Багануур дүүрэгт өвөлжиж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн малд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн дуудлагаар арванхоёрдугаар сарын 29-нд дээж авч шинжлүүлэхэд бог малын мялзан өвчин оношлогджээ. Иймээс дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоох ажлыг зохион байгуулж байгаа юм.
Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, хурандаа С.Баасанжав нийслэлийн замын хөдөлгөөний өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгөв. Тэрбээр “Нийслэлийн гудамж, замд өдөр болон шөнийн цагаар 192 хяналтын цэгт 524 алба хаагч замын хөдөлгөөний зохицуулалтад хяналт тавьж ажиллалаа. Хяналт шалгалтаар 23,398, хяналтын камераар 17,581 зөрчил илрүүлсэн. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон 446 зөрчлийг таслан зогсоосон” хэмээв.