Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдад гамшгийн голомтын бүсэд ажилласан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгоно

Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд дэлхийн 70 гаруй улс орны аврагчидтай хамтран улсаа төлөөлөн анх удаа оролцож, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, албаны үүргээ нэр тэртэй, амжилттай гүйцэтгэсэн Онцгой байдлын ерөнхий газрын Эрэн хайх, аврах баг, Батлан хамгаалах яамны Эмнэлгийн бүлэгт Монгол Улсын Засгийн газрын ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ олгосныг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр гардууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд шагнал гардуулсныхаа дараа эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг батлан хамгаалагч Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, үе үеийн генерал, офицер, ахлагч, дайчдад Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 102 жилийн ойн мэндийг дэвшүүлж баяр хүргэж үг хэллээ.

“Аюул гамшиг аль ч улс оронд учрахад бид заавал тусалж, хүн төрөлхтний хамтын үйлсэд идэвхтэй оролцох учиртай. Та бүхэн “Ковид-19” цар тахал үргэлжилсэн гурван жилийн хугацаанд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард түмний аюулгүй байдлын манаанд зогсож, цар тахлыг ялан дийлж чадсан. Турк Улсад учирсан газар хөдлөлтийн гамшгийг даван туулах олон улсын хамтын үйлсэд оролцож, өндөр хариуцлагатай үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж, цаг агаарын хүнд нөхцөл, газар хөдлөлтийн онц аюултай бүс нутагт ур чадвар, эр зориг, тэсвэр хатуужилтайгаар мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж чадлаа. Монгол Улсын төр засаг, ард түмэн Та бүхнээр бахархаж байна” гэж Ерөнхий сайд хэллээ.


Бүгд Найрамдах Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдад  Гамшгаас хамгаалах хуулийн дагуу гамшгийн голомтын бүсэд ажилласан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгож байгааг Ерөнхий сайд тэмдэглээд цаашид амь насаа үл хайхран аюул гамшгаас бусдын амь амьдралыг аврахын төлөө зүтгэдэг онцгой байдлын албан хаагчдынхаа нийгмийн баталгааг нэмэгдүүлэх арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар үе шаттайгаар авах болно гэлээ.

Гамшгийн эрсдэлийн бүсэд ажилласан онцгой албаны эрэлч ноход Марта, Балу хоёрт дараа дараагийн үүргээ гүйцэтгэхэд нь зориулж аврах хантааз бэлэглэнэ. Дэлхийн хамгийн сайн хантаазыг сонгож өгөөрэй гэж Ерөнхий сайд хэллээ.

Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ” гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцлоо.

Монгол Улсын Засгийн газар Турк, Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлж, Турк улсад эрэн хайх аврах баг илгээх шийдвэр гаргасны дагуу газар хөдлөлт болсноос 68 цагийн дараа Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан “Эрэн хайх, аврах баг”, хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Батлан хамгаалах яамны “Эмнэлэгийн бүлэг”-ийн нийт 35 хүний бие бүрэлдэхүүнтэй баг гамшгийн голомт Хатай мужийн Хатай хотод очиж, шуурхай ажилласан. Монгол Улсын аврах баг үүрэг гүйцэтгэсэн 10 хоногийн хугацаанд газар хөдлөлтийн 20 орчим цэгт ажиллаж, найман хүний амь насыг авран хамгаалж, нийт 649 хүнд эмнэлгийн тусламж үзүүлснийг олон улсын аврах баг өндрөөр үнэлжээ.