УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан юм. Хориг тавьсан үндэслэлийг энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа УИХ уг хуулийн төслийг хоёр өдөрт хэлэлцэн баталсан болохыг тодотгоод хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой дээрх хуулийн төслийг хэлэлцэхдээ иргэд, олон нийтийн оролцоог хангаагүй, судалгааны байгууллагын саналыг харгалзаагүй, олон улсын жишгийг судалж үзээгүй зэргээр холбогдох хуулийг зөрчин баталсан болохыг хэллээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан парламенттай орны хувьд иргэдийнхээ эрхийг хамгаалж уг хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. Мөн цаашид хууль санаачлагчид хуулийн төсөл боловсруулахдаа судалгаанд үндэслэдэг, боловсруулалтыг сайтар хангаж оруулж ирдэг байх, улмаар УИХ хэлэлцүүлгийг хийхдээ дэгээ барьж ажиллах нь зүй юм. Энэхүү хууль нь парламентын түвшинд ихээхэн том сургамж боллоо. Тус хуулийг дахин оруулж ирэх хэрэгтэй гэсэн бол АН-ын гишүүдийн зүгээс дахин оруулж ирэх шаардлагагүй. Олон нийтийн сүлжээ бол манай улсын дархлаа гэв. Түүнчлэн Ерөнхийлөгч энэхүү хуулийн агуулгад хориг тавьсан юм биш, дэг зөрчиж хууль баталсанд асуудал оршиж байна гэх гишүүн ч гарав.
УИХ-ын гишүүд хоригтой холбоотой үг хэлж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад 89.1 хувь нь дэмжлээ.