Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өчигдөр хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцсэн гэж УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ хэллээ.
АН-ын дарга Л.Гантөмөр дээрх мэдээлэлтэй холбогдуулж "Үндэсний бодлогын хорооны өчигдрийн хуралдаанаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ холимог тогтолцооны системийг Үндсэн хуульд тусгая хэмээн ярилцсан. Тэрхүү нэмэлт өөрчлөлтийг оруулахдаа 60 хувийг нь тойргоос, 40 хувийг нь жагсаалтаас сонгогддог байя гэсэн хувилбарыг ярьсан. Энэ хувилбар дээр үндсэндээ гишүүдийн олонх тогтсон гэхэд болно" гэсэн нэмэлт тайлбарыг хийсэн юм.
Харин АН-ын гишүүн Х.Тэмүүжин УИХ-ын гишүүдийн тоог нэмэх эсэх талаар нийгэмд ярьж буй хувилбар дээр АН-ын байр суурийг илэрхийлсэн. Тэрбээр "УИХ-ын гишүүдийн тоог нэмэхтэй холбоотой тогтсон тоо гараагүй. Парламент хэт давжаа байх нь Засгийн газраа хянаж чадахгүйгээс гадна гаднынхны шахалтад автаж болзошгүй талтай. Гишүүдийн зохимжтой тоо 100-гаас дээш байж болно. Гэхдээ одоогийн байгаа УИХ-ын гишүүдийн тоог шууд 2 дахин нэмэгдүүлнэ гэдэг нь эргэлзээтэй” гэлээ.
Үндэсний бодлогын хорооны гишүүн О.Чулуунбилиг “Ардчилсан нам хүний эрх, эрх чөлөөг хангахаар байгуулагдсан нам. Олон улсын бүхий л судалгаагаар хүний эрх, эрх чөлөөний үзүүлэлтээрээ Монгол Улс ухарсан байдалтай явж байна. Иймд тус намын хүрээнд ярилцаад, Эрх чөлөөний багц хуулиудыг санаачлах болно. Тус хуулийн төслийг намын гишүүд, дэмжигчид, олон нийтэд танилцуулна. Хэрэв хуулийн төсөл дэмжлэг авбал УИХ-д суугаа гишүүдийнхээ нэр дээр өргөн барих бололцоотой. Мөн ардчилсан төлөөлөгчдийн чуулганыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тогтсон" гэв.