УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд хандаж “Монгол Улсад баригдсан болон баригдаж буй орон сууц, барилга байгууламж газар хөдлөлтөд тэсвэртэй эсэх” талаар тавьсан асуултын хариуг сонсов.
Монгол Улсад баригдсан болон баригдаж буй орон сууц, барилга байгууламж газар хөдлөлтөд тэсвэртэй эсэх асуудлаар Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо танилцуулав. Барилга, хот байгуулалтын яамнаас газар хөдлөлтийн чиглэлээр Монгол орны газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зураглал, Улаанбаатар хот болон 12 аймгийн төвийн газар хөдлөлтийн бичил мужлалын зураглалуудыг 2012-2017 онд Одон орон, геофизикийн хүрээлэнгээр хийж гүйцэтгүүлсэн байна. Энэ ажлын хүрээнд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд газар хөдлөлтийн 1:1,000,000 масштабтай ерөнхий мужлалын зураглалаар нийт газар нутгийн 45 хувь VII баллын нөлөөллийн бүсэд, 18 хувь VIII баллын нөлөөллийн бүсэд, 3 хувь IX баллын нөлөөллийн бүсэд, 0.1 хувь X баллын нөлөөллийн бүсэд тус тус байна гэсэн судалгаа гарчээ.
Улсын хэмжээнд олон нийтийн 18.422 барилга байгууламж ашиглагдаж байгаагаас нийслэлд 9821, аймаг орон нутагт 8621 байгаа аж. Үүнээс нийслэлийн хэмжээнд 2002 оноос өмнө баригдсан орон сууцны 672, олон нийтийн 272 барилгад бат бэх найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гаргаж паспортжуулсан байна. Нийт 399 орон сууцны барилгаас 377-д нь Барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаар ашиглахыг хориглосон шийдвэр гаргуулж, 61 барилгыг буулган, дахин барилгажуулах төслүүд хэрэгжиж байна гэсэн мэдээллийг өгсөн. Дэд сайдын мэдээлснээр, Олон нийтийн барилгын хувьд ашиглахыг хориглосон шийдвэр тухай бүр гарч, энэ шийдвэрийн дагуу 2023 оны байдлаар 17 барилгыг буулгасан байна. Барилга байгууламжийн техникийн улсын хяналт хэрэгжүүлэх байгууллагаас 2022 онд улсын хэмжээнд ашиглагдаж байгаа сургууль 1015, тэдгээрийн барилга байгууламж 1418, цэцэрлэг 1453, тэдгээрийн барилга байгууламж 1367, эмнэлэг 592, тэдгээрийн барилга байгууламж нь 839 бөгөөд нийт 3624 барилга байгууламжид гамшгийн эрсдлийн үнэлгээ хийжээ. Судалгаанд хамрагдсан 3624 цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилга байгууламжуудын ашиглалтын нөхцөл байдлаас үзэхэд улсын хэмжээнд их засвар хийж, хүчитгэх шаардлагатай 230, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй 42 барилга байгууламж байна. Эрсдлийн үнэлгээний байдлаар нь авч үзвэл улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 84 барилга байгууламж их эрсдэлтэй, 394 нь дунд, 262 нь бага эрсдэлтэй гарсан тоон үзүүлэлтэй байгаа аж.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 1418 сургуулийн барилга байгууламж байгаагаас аймаг орон нутагт байгаа 1015, нийслэлд байгаа 403 барилга байгууламжид техникийн хяналт хэрэгжүүлэх байгууллагаас өгсөн эрсдлийн үнэлгээгээр улсын хэмжээнд байгаа сургуулийн барилга байгууламжийн 15.6 хувь (225) нь их, 48.6 хувь (700) нь дунд, 29.6 хувь (426) нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн байна. Тандалт судалгааны дүнд сургуулийн барилга байгууламжийг ашиглалтын нөхцөл байдлаар нь аймаг орон нутагт их засвар хийх, хүчитгэх шаардлагатай 443, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй 123 барилга байгууламж, нийслэлд их засвар хийх, хүчитгэх шаардлагатай 64, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй 6 барилга байгууламж байгаа тоон үзүүлэлт байна.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 1453 цэцэрлэгийн барилга байгууламж байгаагаас аймаг орон нутагт байгаа 608, нийслэлд байгаа 684 барилга байгууламжид техникийн хяналт хэрэгжүүлэх байгууллагаас өгсөн эрсдлийн үнэлгээгээр улсын хэмжээнд байгаа цэцэрлэгийн барилга байгууламжийн 9 хувь (106) нь их, 37 хувь (445) нь дунд, 55 хувь (662) нь бага эрсдэлтэй хэмээн үнэлэгдсэн байна. Судалгааны дүнд сургуулийн барилга байгууламжийг ашиглалтын нөхцөл байдлаар нь аймаг орон нутагт их засвар хийх, хүчитгэх шаардлагатай 191, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй 123 барилга байгууламж, нийслэлд их засвар хийх, хүчитгэх шаардлагатай 17, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй 10 барилга байгууламж байгаа гэсэн тоон үзүүлэлт гарчээ.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 592 эмнэлгийн 839 барилга байгууламж байгаагаас 635 нь аймаг орон нутагт, 204 нь нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа бөгөөд барилга байгууламжийн техникийн хяналт хэрэгжүүлэх байгууллагаас өгсөн эрсдлийн үнэлгээгээр эмнэлгийн барилга байгууламжийн 11 хувь (84) нь их, 53 хувь (394) нь дунд, 35 хувь (262) нь бага эрсдэлтэй хэмээн үнэлэгдсэн байна. Судалгааны дүнд сургуулийн барилга байгууламжийг ашиглалтын нөхцөл байдлаар нь аймаг орон нутагт их засвар хийх, хүчитгэх шаардлагатай 214, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй 36, нийслэлд их засвар хийх, хүчитгэх шаардлагатай 16, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй 6 барилга байгууламж байгаа гэсэн тоо гарчээ.
Түүнчлэн дэд сайд хэрэгжүүлж буй хяналт шалгалт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон сүүлийн 10 жилд Барилгын тухай хууль зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэсэн хариуцлагын талаар мэдээлэл өгч, цаашид авч хэрэгжүүлэх саналаа танилцуулсан. Юуны түрүүнд Булган, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн бичил мужлалын зураглал хийлгэх /1.305 тэрбум төгрөг/, улсын хэмжээнд байгаа 2002 оноос өмнө баригдсан олон нийтийн зориулалттай 6687 барилга байгууламжийг паспортжуулах /66.8 тэрбум төгрөг/ шаардлагатай байна хэмээсэн юм. Мөн хүчитгэх шаардлагатай 195 барилга байгууламжийн санхүүжилтийг шийдвэрлэж, хүчитгэлийн ажлыг эхлүүлэх, нийслэлийн хэмжээнд газар хөдлөлтөд тэсвэргүй 543 барилгаас олон нийтийн зориулалттай 144 барилга байгаагаас 17 барилгыг буулгаж шинээр барьсан, үлдсэн 127 барилгыг буулгаж шинээр барихад томсгосон төсвөөр 780 орчим тэрбум төгрөгийг шийдвэрлэж, ажлыг эхлүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн.
Асуулгын хариутай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, газар хөдлөлт болж, байшин барилга нурвал хариуцлагыг хэн хүлээхийг тодруулаад, нийслэл дэх хуучны угсармал орон сууцууд газар хөдлөлтөд хэр тэсвэртэй болохыг лавлав. Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо болон ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, 2002 оноос өмнө баригдсан барилгуудын газар хөдлөлтөд тэсэх байдлыг ерөнхий байдлаар гаргасан бөгөөд 20 хувь нь газар хөдлөлтөд тэсвэртэй, бусад нь тэсвэргүй гэж үнэлжээ. Улаанбаатар хотод 2002 оноос өмнө баригдсан 672 барилгад үнэлгээ хийхэд хүчитгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан бөгөөд 1970 оноос өмнө баригдсан тоосгон барилгууд газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан байна.
Улсын барилга байгууламжийг нураан дахин барих ажлыг үе шаттай гүйцэтгэж байгаа бол орон сууцыг нураан дахин барилгажуулах ажлыг хувийн хэвшилтэй хамтран гүйцэтгэж буй аж. Нийт 61 барилгыг хувийн хэвшлийн байгууллага буулган дахин барилгажуулаад байгаа гэсэн хариултыг өгсөн. Барилга нуран хохирол учирсан тохиолдолд, хохиролд нарийвчилсан үнэлгээ хийж, барилга барьсан материал болон барилга барих гүйцэтгэлээс шалтгаалсан уу гэдгийг тогтоон, зохих албан тушаалтанд хариуцлага тооцох журамтай гэдгийг мөн хариултдаа дурдлаа.