Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Дугуй цагаан орчмын тохижилтыг зургаадугаар сарын 1-н гэхэд дуусгах үүрэг өгсөн. Энэ дагуу өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг шалган, тус бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.
Тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Цагаан толгой нуур” компанийнхан бүтээн байгуулалтыг хугацаандаа дуусгахаар төлөвлөсөн ч бороо орсонтой холбоотойгоор хугацаа алдсан гэдгийг хэлж байв. Мөн явган хүний болон дугуйн зам тавьж, машины зогсоол хийх гэж байсан газрыг амрах талбай болгон тохижуулж эхэлжээ. Явган хүний замыг 3-5 метрийн өргөнтэй хийсэн байна.
НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга “Ариун цэврийн байгууламжийн доторх тоноглолуудыг хийсэн. 7-14 хоногийн дотор ашиглалтад оруулна. Мөн 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн долоо хоногт явган хүний замын хажуу талаар бор шороо асгаж, зүлэг тарьсан” гэв.
Хотын дарга дүүргээс хөрөнгө гаргаж, явган хүний зам нэмж тавих, гэрэлтүүлгийг сайжруулах үүрэг өгөв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй, дугуйтай, хүүхдийн тэрэгтэй хүмүүс зорчиход саадгүй байдлаар тохижилтын ажлыг гүйцэтгэх хэрэгтэйг онцоллоо. Түүнчлэн Дугуй цагаан орчмыг жишиг байдлаар тохижуулж, цаашид нэгдсэн стандарт бий болгох шаардлагатайг хэлж байв.