Богдхан ууланд байрлах Зайсан-Дугуй цагаан чиглэлийн 3,6 км урттай явган алхалтын маршрутын дагуу олон улсын стандартад нийцсэн явган алхалтын замын тэмдэг тэмдэглэгээг байршуулахаар боллоо.
Бүгд Найрамдах Чех Улс нь явган алхалтын замын тэмдэг тэмдэглэгээний стандартаар дэлхийд тэргүүлдэг бөгөөд Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопил Монголын Явган Алхалтын Холбоотой хамтран Богдхан ууланд анхны олон улсын стандартын дагуу жишиг тэмдэглэгээг хийлээ.
Явган алхалтын замын тэмдэг, тэмдэглэгээний чех систем нь дэлхийд хамгийн их тархсан бөгөөд энэхүү системийг 1888 оноос хойш ашиглаж байна. Бүгд Найрамдах Чех Улсын нутаг дэвсгэр дээрх 70,000 гаруй км урт явган аяллын зам бүхэлдээ ийм тэмдэглэгээтэйн дээр хэрэглэхэд харьцангуй хялбар, өртөг багатай тул Төв Европ, Зүүн Европоор дамжин бусад орнуудад ашигладаг аж.