Ус, цаг уур, орчны хяналтын шинжилгээний салбарын үндэсний зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Тус зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг, өртөмтгий орон бөгөөд эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах нь гамшгийг хохирол багатай даван туулах цорын ганц шалгарсан арга. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас тохиолдож буй гамшгийн аюул, давтамж, түүнээс учрах хохирол жил бүр өсөн нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улсын ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын үүрэг, хариуцлага улам бүр нэмэгдэж байна, Түүнчлэн байгаль, цаг уурын аюултай үзэгдлээс эртнээс сэрэмжлүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход оруулах тус салбарынхны хувь нэмэр ихээхэн чухалд тооцогдож байна” хэмээн онцолсон юм.
Тэрбээр цааш хэлэхдээ “Богино хугацааны гэнэтийн цаг агаарын гамшигт үзэгдлийн тоо сүүлийн 10 жилд хоёр дахин нэмэгдэж, жилд дунджаар 10 гаруй тэрбум төгрөгийн шууд хохирол учруулах болсон. Манай оронд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас тохиолдож буй гамшигт үзэгдэл, түүний давтамж, цөлжилт, хөрсний доройтол, хор хохирол, үр дагавар нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээ, түүний шалгуур үзүүлэлтийг дахин нягтлан хэмжиж, шинэчлэх шаардлагыг бий болгож байна. Мөн бэлчээрийн даац хэтэрч, хөрсний доройтол нэмэгдэж буй нь биднээс яаралтай шийдлийг хүлээж байна.
Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулсан 1 ам.доллар гамшгийн дараа хариу арга хэмжээ авахад зарцуулах 7-9 ам.долларын зардлыг хэмнэнэ гэсэн тооцоо судалгаа бий. Манай орны хувьд хамгийн түгээмэл тохиолддог байгалийн гамшиг бол зуд юм. Монгол орны нутаг дэвсгэрт сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд 65 хувьд нь их, бага хэмжээний зудын гамшигт нэрвэгдсэн байна. Статистик судалгаанаас үзэхэд, тохиолдож буй зудын улмаас жил тутам дунджаар 1.3 сая толгой мал хорогджээ. Уламжлалт бэлчээрийн мал аж ахуй, нүүдэлчин соёл нь цаг агаараас шууд хамааралтай учир уур амьсгалын өөрчлөлтийг илүү их эмзэг хүлээн авч байна.
Байгаль, цаг уурын гамшигт үзэгдлээс эртнээс сэрэмжлүүлэх тогтолцоог улам боловсронгуй болгож, нийгэм, эдийн засгийн салбарт үзүүлэх нөлөөллийг тусгасан цогц системийг болгох асуудалд Шадар сайдын зүгээс ямагт анхаарал хандуулж, Ус, цаг уур, орчны хяналт, шинжилгээний тухай хуулийг боловсронгуй болгох, салбарын хөгжлийг хангах, улсын сүлжээг өргөтгөх, байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг нягтруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэгт анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан олон төрлийн аюул, эрсдэлээс сэргийлэх, даван туулах боломжийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил, ард иргэд зэрэг бүх талын оролцоо, түншлэл шийдвэрлэх үүрэгтэй. Үүнийг сайжруулах зорилготой энэ удаагийн салбарын үндэсний зөвлөгөөн нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гамшиг аюулын олон талын асуудлыг хөндөж, түүнд тохирсон урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах үйл явцад чухал үр дүнтэй зөвлөгөөн болно гэдэгт бүрэн итгэж байна” гэлээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал тус салбарын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага илтгэлдээ гамшгийн удирдлагын нэг чухал хэсэг болох эртнээс сэрэмжлүүлэх үүргийнхээ хүрээнд Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарынхан ОБЕГ-тай нягт хамтран ажиллаж ирсэн болохыг тэмдэглээд ус, цаг агаарын 12 төрлийн гамшигт 10 төрлийн аюултай үзэгдлээс 72-48 цагийн өмнөөс сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээ гаргаж олон нийтэд хүргэж буй. Тэдгээр мэдээний онч өнгөрсөн онд 87 хувьтай байсан бол энэ онд 1.7 хувиар өссөн хэмээв. Түүнчлэн тус байгууллага нь сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжийг ашиглах шаардлага амьдралаас урган гарч байдаг ба зохих багаж, тоног төхөөрөмжийг холбогдох эх үүсвэрээс бүрдүүлэн ажиллаж байна гэлээ.
Дэлхийн Цаг уурын байгууллага үүсэн байгуулагдсаны 150 жил, Монгол Улсад Ус цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний 99 жил, Монгол Улсын Ус цаг уурын алба Дэлхийн цаг уурын байгууллагад гишүүнээр элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оныг “Ус цаг уурчдын жил” болгон зарлаж, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний үндэсний зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулж байна. Ус цаг уур, орчны хяналт, шинжилгээний салбарын хөгжлийн өнөөгийн байдал, тогтолцоо, тулгамдаж буй асуудал, дэлхийн болон олон улсын цаг уурын байгууллагын хөгжлийн чиг хандлагын талаарх бодлого, үйл ажиллагааны талаарх эрдэмтэн судлаачдын илтгэлийг сонсож, гарц шийдлийг хэлэлцэх уг зөвлөгөөнд 21 аймгийн 800-гаад албан хаагч оролцож байна.