ХБНГУ-тай Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг үргэлжүүлэн ажиллана

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц, Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Идо Вебэр нар болон албаны хүмүүсийг хүлээн авч, хоёр талын хамтарсан уулзалт хийв. 

Уулзалтын эхэнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ:- "Хоёр орон ой, биологийн олон янз байдал, тусгай хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон жилийн хамтын ажиллагааг амжилттай  хөгжүүлж ирсэн. Мөн "Уур амьсгалын ногоон сан", "Даян дэлхийн байгаль орчны сан", "Дасан зохицох сан" гэх мэт олон талт хамтын ажиллагаагаар дамжуулан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсний дотор Монгол орны цэвдгийн асуудалд анхаарал хандуулж, судалгаа, хамгааллын ажлуудад дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлэв. 

ОЛОН УЛСЫН САНХҮҮЖИЛТИЙН КОРПОРАЦИУД БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ АРГА ХЭМЖЭЭНД САНХҮҮЖИЛТ ОЛГОХГҮЙ БАЙХ УРИАЛГА ДЭВШҮҮЛЖ БАЙНА 

Элчин Сайд Хэльмут Кулитц хэлэхдээ "Олон Улсын санхүүжилтийн байгууллагууд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх арга хэмжээнд санхүүжилт олгохгүй байх уриалга дэвшүүлж буйг онцолж, байгаль хамгааллын чиглэлд хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, дэмжин ажиллах боломжтой гэв. Мөн тун удахгүй болох COP28 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Талуудын 28 дугаар бага хуралд хоёр орны үзэл санааг нэгтгэх, адил төстэй арга хэмжээг хамтатгах хүсэлт тавив. 

БОАЖЯ 2023 онд жилдээ багтаан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлаар үйл ажиллагааны төлөвлөгөө /action plan/-ийг эцэслэхээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хөдөө аж ахуй, бэлчээр, газар ашиглалт, ус, ой, цөлжилт газрын доройтлоос сэргийлэх, хөрс ургамал хамгаалах зэрэг олон ажлыг дурдаж болох юм. Иймд COP28 хурлын өмнө хоёр талын мэргэжилтнүүдийг оролцуулан дахин уулзалт хийж, саналаа нэгтгэе гэдэгт хоёр тал харилцан тохиролцов. 

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АСУУДЛААР 

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ:- Монгол Улсын Засгийн газраас 2023,2024,2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан ба энэ жил Европын орноос ирж буй жуулчдын ихэнх хувийг Франц Улсын жуулчин эзэлж байгааг дурдаж уг үзүүлэлтэд ХБНГУ-ын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх ажилд идэвхтэй ажиллахыг хүслээ. Мөн олон жилийн турш Монгол Улсын төлөөлөгчид ITB Берлин, СМТ олон Улсын экспо-д хамтран зохион байгуулагчаар оролцож байсан бөгөөд уг туршлагад тулгуурлан Монгол орны аялал жуулчлалын салбарыг сурталчлах "Welcome to Mongolia арга хэмжээг дэмжин ажиллахыг хүслээ.