Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхантай Баянгол дүүргийн 24 дүгээр хороо “Алтай” хотхонд байгуулах сургуулийн газар чөлөөлөлт, хотхоны орц, гарцыг нэмэх асуудлаар ажиллажээ. Мөн тус дүүргийн 26 дугаар хороо Нарны хорооллыг Нарны замтай холбох явган хүний гүүрэн байгууламж барихаар холбогдох албаныхантай хэлэлцлээ.
“Алтай” хотхоныг анх 12 мянган айлын иж бүрэн цогцолбор хороолол нэртэйгээр байгуулсан. Хотхон дотор улсын сургууль, цэцэрлэг, дөрвөн талдаа орц, гарц бүхий авто замтай байхаар төлөвлөсөн ч чадаагүй. Өдгөө тус хотхонд 18 мянга орчим иргэн оршин суудаг бөгөөд хотхоны замын урд талын түрээсийн байранд 1200 орчим хүүхэд хоёр ээлжээр хичээллэж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Алтай хотхоны баруун хойд үзүүрээс буюу хуучнаар Мод боловсруулах үйлдвэрийн ойролцоох замыг чөлөөлөн 360 метр чулуун зам тавьбал дөрвөн тал руугаа гарцтай болж, хотхон дотроо түгжирдэг асуудлыг шийдэх боломжтой. Мөн тус хотхонд сургууль байхгүй учир нэг га газрыг чөлөөлж, 960 хүүхдийн сургууль байгуулах боломжтой. Сургууль байгуулах газарт өртөж буй дулааны шугам сүлжээ зайлуулахтай холбоотой асуудлыг шийдэн, аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөх хэрэгтэй. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд гаргасан алдаа бол орон сууцны хороолол байгуулахдаа сургууль, цэцэрлэг төлөвлөөгүй явдал. Иймээс энэ алдааг засаж, хотхон, хороолол дунд сургууль, цэцэрлэг нэмж барихаас гадна орц, гарцыг нэмэхэд анхаарна. Мөн арванхоёрдугаар сарын 6-наас дүүргүүд рүү худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлэх тул дүүргийн удирдлагууд яаралтай тендерүүдээ зарлан, нэгдүгээр сар гэхэд гэрээгээ хийж, гуравдугаар сард бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байх ёстой” гэв.
Тэрбээр “Алтай” хотхоны орц, гарцын зураг төсөлд дахин тодотгол хийж, асфальт бетон зам хийлгүй, осол аваар гарсан үед хуулж, засвар хийх боломжтой чулуун зам тавихыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Тэгвэл Нарны хорооллыг Нарны замтай холбох явган хүний гүүрэн байгууламжийг ирэх жил хийхээр төлөвлөжээ. Тус гүүрийг ашиглалтад оруулснаар 5200 өрхийн 20 мянга орчим иргэн хотын төв рүү явганаар зорчих, автомашин ашиглахгүй байх боломж бүрдэх юм байна.