Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоо хоног бүрийн эхний өдрийн ээлжит “Өглөөний уулзалт”-аа өнөөдөр байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төр, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хийж байна.
Тэрбээр уулзалтаар байгаль орчны салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, агаар болон орчны бохирдлыг бууруулах үйл ажиллагаатай танилцлаа.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын үеэр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 137 сум хог хаягдлыг тархахаас хамгаалсан хашаагүй, 291 сум хог хаягдал шатаах зуухгүй, 113 сум хог хаягдлыг түрж нягтруулах техник хэрэгсэлгүй байгааг мэдээллээ.
Түүнчлэн 261 сум хог бутлах тоног төхөөрөмжгүй, 76 сум хог тээвэрлэх автомашингүй байна. Мөн нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй өрхийн 144 мянган нүхэн жорлонгийн ялгадас, угаадас хөрс рүү шууд нэвчих, үерийн усаар зөөгдөх, агаарт дэгдэх замаар хотын хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд эрсдэл үүсгэж байгааг дурдав.
Уулзалтад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Х.Энхбат болон холбогдох албаныхан, байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож байна.