Монголын Үндэсний бөхийн холбооноос малчдад туслах “Хандивын барилдаан” зохион байгуулахаар шийдвэрлэсэн бол Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс мөн малчдад туслах аяныг эхлүүллээ.
Тодруулбал, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д. Жавзандорж лам Гандантэгчэнлин хийдэд “Насны Авшиг” хүртээх үеэр лам хувраг болон сүсэгтэн олонд хандан өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хандив өгөхийг уриалж, лам нарын хандивын аяныг өрнүүлсэн байна.
Аянд хийдийн лам, хуврагууд өргөл барьж байгаа бөгөөд сүсэгтэн олны хүсэлтээр хандивын аяныг нийтийн дунд зарлажээ. Хандивын аян шинийн 15-ныг хүртэл буюу бямба гараг хүртэл үргэлжлэх юм. Цугларсан мөнгөн тусламжийг ОБЕГ-тай хамтран зуд нүүрлэсэн аймгийн малчдад хүргэнэ гэж Гандантэгчэнлин хийдээс мэдээллээ.
Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулах хандивын барилдааны хувьд, бүх орлогыг УОК-т хүлээлгэн өгөх бөгөөд нутаг орныхоо нэр алдрыг дуурьсгаж байгаа бөхчүүд төрөлх сум, орон нутгийн малчдад туслах хандивын үйл ажиллагаанд оролцохоо илэрхийлж байна.
Зүүн аймгуудын нутгаар цас ихтэй, өвөлжилт хүндэрч, зуд болж буй сумдад тусламж үзүүлэхээр “Аялагч” авто клубээс малчдад чадах хэмжээгээрээ туслахаар Сүхбаатар аймгийг зорих гэж байна. Тус клубийнхэн туулах чадвар сайн машин, техникээ бэлдэж байна. Малчдад дулаан хувцас, түлээ, тэжээл хандивлах албан байгууллага, хувь хүмүүсийг хандивт нэгдэхийг уриаллаа.