Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газраас орон даяар Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, сайд нараар ахлуулсан 6 баг орон нутагт ажиллаж буй. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханыг орон нутагт ажиллах үеэр малчдын хамгийн их хөндөж байсан санал, хүсэлт бол малчны зээлийн асуудал байжээ. Иймд Шадар сайд Төв банк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, Малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах талаар хэлэлцэж, зөвшилцөлд хүрсэн байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Хөдөө аж ахуйн салбар 2023 онд буурч, уналттай гарсан учраас малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахтай холбоотой хүсэлт ирсээр байгаа. Энэ асуудалд Төв банкнаас бодлогын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа бөгөөд ямар зохицуулалт, дэмжлэгийг хэрхэн шийдэх вэ гэдэг талаар Монголбанк хамтран ажиллахад бэлэн байна” гэв.
Монгол банкны мэдээллийн санд 140 мянга гаруй малчдын 1.2 их наяд төгрөгийн зээл бүртгэлтэй байна. Үүнээс 51.2 хувь буюу 618 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банкнаас, 48.5 хувь буюу 585 тэрбум төгрөгийн зээлийг Хаан банкнаас тус тус олгосон байна.
Хаан банкны хувьд өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нээс хойш хүсэлт өгсөн малчдын зээлийн эргэн төлөлтийг сунгаж буй аж. Төрийн банкны хувьд эхний ээлжинд энэ оны 6 дугаар сарын 1 хүртэл зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжтойг мэдээлсэн юм. Малчид харьяа орон нутгийнхаа Хаан банк болон Төрийн банкны салбарт хүсэлтээ цахимаар гаргаж, шийдүүлэх боломжтой юм.
Мөн энэ үеэр “Үндэсний давхар даатгал” ХК-ийн зүгээс “Энэ оны 9-10 дугаар сарын хооронд малчдын даатгуулсан малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөрийг олгоно. Энэ оны III улирал хүртэл малчдын зээл төлөлт хойшлогдвол тэр үеэр бид даатгалын нөхөн төлбөр олгож таарах учраас эргээд малчид банкны зээл төлөлтөө хийхэд илүү дөхөм болно” гэлээ.