Nematimes булангийн энэ удаагийн дугаартаа НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч С.Должинсүрэнг та бүхэнтэй танилцуулж байна. Түүний хувьд иргэдэд гамшиг ослоос өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг ойлголтыг өгөх, том зургаар нь харвал гамшиг ослын тохиолдол түүнээс үүдэлтэй хохирлын хэмжээг бууруулахын төлөө нэг ч гэсэн иргэнд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг өгөх гэж хичээдэг, чухалчилдаг "урьдчилан сэргийлэгч алба хаагч"-дын нэгэн төлөөлөл юм.
Би Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг 2008 онд Байгаль шинжлэлийн багш мэргэжлээр суралцан төгссөн. Энэхүү мэргэжил нь бүхий л байгалийн үзэгдлийг тал бүрээс нь судалдаг, хүүхдүүдэд ойлгуулах зорилготой ийм сонин содон мэргэжил. Би 4 жил суралцах хугацаандаа Монгол орны газар зүй, дэлхий судлал, хөрс судлал, газар хөдлөлт, цаг уур судлал гэх мэт хичээл олон эрдэмтэн багш нараараа заалгасны ачаар байгалийн бүхий л үзэгдлийн талаар олон талын жаахан мэдлэгтэй болсон нь Онцгой байдлын албанд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллахад их дөхөм болж байдаг. Би их азтай ийм мэргэжил эзэмшсэний ачаар л энэ сайхан албанд орж ажиллаж байгаа гэж боддог.
Онцгой байдлын албандаа яг одоо тасралтгүй 12 дахь жилдээ ажиллаж байна. Анх дэд ахлагч цолтой Нийслэлийн Онцгой байдлын газарт Хүний нөөцийн хэрэг хөтлөгчөөр томилогдож нэг жил ажиллаад, тухайн үед Онцгой байдлын албанд гамшгаас урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн гэдэг албан тушаал бий болж нийслэлийн төвийн 6 дүүрэг, 21 аймагт урьдчилан сэргийлэх мэргэжилтнүүд томилогдож байсан. Би тэдний нэг болж Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст Гамшгаас урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Тус дүүрэгт уг албан тушаал дээрээ 9 жил ажилсан. 2022 онд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст Ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн томилогдсон. Онцгой байдлын албанд тасралтгүй 11 жил урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.
Онцгой байдлын албанд орж ажиллах чинь хүсэл минь их сонин түүхтэй. Би чинь жирийн нэгэн малчин айлын хүүхэд. Манай хамаатан садан дунд цэргийн хүн байхгүй. Тэр битгий хэл төрийн албанд ч тоотой хэдэн хүмүүс байдаг. Иймдээ ч цэрэг хүчний байгууллагын талаар төсөөлөл багатай байлаа. Нэг өдөр 25 дугаар суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгээр Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Т.Бадрал /тухайн үед ямар албан тушаалтан байсныг санахгүй байна/ оролцож “Би өглөө бүр эх орон минь амгалан, аюул осолгүй байгаасай гэж залбирдаг” хэмээн онцгой байдлын байгууллагын онцлог, алба хаагчдын талаар ярьсан нь надад их сэтгэгдэл төрүүлсэн. Ингээд л тэр цагаас хойш миний мөрөөдөл, хүсэл зорилго зөвхөн Онцгой байдлын албанд орж ажиллах болж хувирсан. 2012 он миний хувьд хамгийн сайхан он байсан. Яагаад гэвэл мөрөөдлөө биелүүлж албандаа орсон жил.
Миний бодлоор онцгой байдлын алба хаагч бүр хүний төлөө гэсэн сэтгэлтэй, албандаа чинь сэтгэлээсээ хайртай, хайрлах энэрэхүйн дээд хүмүүс байдаг гэж боддог. Энэ нь миний эргэн тойронд байгаа алба хаагч нараас цаг үргэлж мэдрэгддэг юм. Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж байх явцад, чөлөөт цагаараа алба хаагч нартайгаа ярилцаад сууж байхад тэд зөвхөн иргэдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангах, бусдын амь нас, эд хөрөнгийг яаж хамгаалах талаараа л ярихаас биш өөр бусад асуудлын талаар ярьж байгааг би л хувьдаа ховорхон сонсож байсан. Тиймээс яг л энэ хэвээрээ бусдын төлөө гэсэн чинь сэтгэлтэй, мөр зэрэгцэн зүтгэж яваа нөхдөө гэдэг энэ сэтгэл, зүтгэл битгий өөрчлөгдөөсөй гэж хүсдэг юм. Харин хувь хүний хувьд бүх зүйлд сэтгэлээсээ хандах. Хийсэн бүх зүйлд минь сэтгэл, хөдөлмөр хоёр харагддаг байх гэсэн зарчмыг баримталдаг.
Би иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, өдөрлөг арга хэмжээг зохион байгуулах явцдаа нэг зүйлийг олж харсан. Тэр бол насанд хүрсэн хойно биш бага наснаас нь эхэлж гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдлэг, дадал олгох нь чухал юм байна гэж харсан. Иймдээ ч би гамшгаас урьдчилан сэргийлэх мэргэжилтэн болсон цагаас хойш нэг зүйлийг мөрөөдсөн. Тэр бол сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтын багц гаргах зөвхөн тэдэнд зориулсан шинэлэг арга зүйг боловсруулж, сургалтын хэрэглэгдэхүүн хийхийг мөрөөддөг. Энэ мөрөөдлөө биелүүлэх гээд алхам алхмаар хөдөлмөрлөж байна.
Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн гэдэг бол маш чухал бөгөөд хариуцлагатай албан тушаал шүү дээ. Учир нь статистик судалгаагаар гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулсан нэг ам.доллар гамшгийн хор уршгийг арилгахад зарцуулах 3-15 ам.доллартой тэнцдэг гэдэг. Иймд гамшгаас урьдчилан сэргийлэх мэргэжилтнүүд урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг маш оновчтой, төлөвлөгөөтэй үр дүнтэй, сэтгэлтэй зүтгэлтэй зохион байгуулж чадвал олон хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалж чадна. Тиймдээ ч ирээдүйд учирч болох эрсдэлийг бууруулж чадах хүч бол зөвхөн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, урьдчилан сэргийлэх мэргэжилтнүүд гэж боддог.
Одоогоос 10 жилийн өмнө иргэдийн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголт хандлага их учир дутагдалтай байсан цаг үе. Тэр үед урьдчилан сэргийлэх сургалт орох гээд иргэдийг цуглуулахад ирэхгүй. Байгууллагууд нь зөвхөн гамшгаас хамгаалах, гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын албан шаардлага өгөөгүй л бол сургалт авдаггүй байсан. Жилдээ дунджаар 70-80 байгууллагын 400-500 ажилтан, 120 хүрэхгүй иргэдэд сургалт ордог байлаа. Одоо харин иргэдийн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт, хандлага харьцангуй сайн болж байна. Гэхдээ хангалттай биш. Зөвхөн манай Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст жилд дунджаар 100-300 байгууллагаас сургалт авах хүсэлтийг ирүүлж 12 мянган ажилтан, албан хаагчид, 4-5 мянган иргэн урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдаж байгаа нь сайшаалтай боловч иргэд сурсан сонсон зөвлөмжөө амьдрал дээрээ хэрэгжүүлэхгүй байгаа юм шиг санагддаг. Ийм болохоор иргэд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр олж авсан мэдээллээ сонсоод өнгөрөх биш хэрэгжүүлдэг байгаасай. Мөн нүдэндээ аюул, эрсдэлийг дасгадаггүй байгаасай. Жишээлбэл үнс нурмаа ил задгай асгахдаа энэ нь аюул учруулж болно, эрсдэлтэй шүү гэж огт боддоггүй. Байдаг л энгийн зүйл гэж харж байгаад нэг л өдөр тэр нь маш том аюулыг авчирдаг. Иймд иргэн бүр эрсдэлээ үнэлдэг, учирч болзошгүй аюулаас сэргийлдэг байгаасай л гэж хүсэж байна.