Онцгой байдлын албаны техник хэрэгслийн чадавхийг дээшлүүлэхэд зориулан “Мерси Кор” олон улсын байгууллагаас “УАЗ-469” маркийн гурван автомашиныг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.
Автомашин хүлээлгэн өгөх ажиллагаанд “Мерси Кор” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Рамеш Сингх, хөтөлбөрийн захирал Г.Энхцэцэг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогбаяр нарын албаны хүмүүс оролцсон юм.
Энэ үеэр дээрх автомашинуудыг Увс аймгийн Онцгой байдлын газрын улсын нөөцийн салбар, Төв аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант суман дахь улсын нөөцийн салбар, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин суман дахь улсын нөөцийн салбаруудад олгож байгаа юм.
Онцгой байдлын ерөнхий газар, Мерси Кор олон улсын байгууллагатай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийг хэрэгжүүлж байна.
АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн Гамшгийн гадаад тусламжийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй тус төслийн хоёрдугаар шатны хэрэгжилтийн хүрээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Мерси Кор олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Рамеш Сингх нар өнгөрсөн тавдугаар сард “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм.
Уг санамж бичгийн хүрээнд цаг агаарын болон бэлчээрийн тухай мэдээллийг орон нутгийн иргэдэд мессеж системээр хүргэх тогтолцоог бий болгох, “мал сүрэгт тохиолдсон онцгой байдлын үед баримтлах заавар болон стандартууд”, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг дурдсан стандартын дагуу боловсруулахад чиглэсэн сургалтуудыг төслийн хүрээнд хийж байгаа юм.