Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон, Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Туен Нгуен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын сайдаар томилогдсонд нь төлөөлөгчид баяр хүргэж ажлын амжилт хүсч, цаашид хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
Засгийн газар сахилга, дэг журмыг сайжруулан, хүнд суртал, авлигаас ангид байж, иргэдэд хүртээмжтэй, шуурхай үйлчлэх, хууль дээдлэхийг төрийн байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтан, албан хаагчдаас шаардаж ажиллаж байгааг сайд Г.Занданшатар тэмдэглэв.
Уулзалтаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн бусад байгууллагад хэрэгжиж байгаа “Ухаалаг засаг” төсөл болон “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийн талаар голлон ярилцлаа.
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа “Ухаалаг засаг” төсөл нь мэдээлэл, харилцаа холбооны технологийг оновчтой ашиглах замаар төрийн үйл ажиллагааг илүү сайжруулан, төрийн үйлчилгээг үр ашигтай, ил тод, хүртээмжтэй болгох зорилготой.
Харин “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийг боловсрол, эрүүл мэндийн салбарт 2015-2019 онд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 10 аймаг, гурван дүүрэгт сайн дурын бүлэг байгуулагдан тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэхийг зорьж байгаа юм.
Уулзалтаар мөн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс авч хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын зорилт болон харилцаа, хамтын ажиллагааны бусад чиглэлээр санал солилцов.